Дархан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллана
Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн 6 дугаар Зөвлөлдөх уулзалт 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус хуралд Японы талаас Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн дэд сайд Сүгавара Ишшү тэргүүтэй Засгийн газар, хувийн хэвшлийн 100 гаруй төлөөлөгчид оролцсон юм.
Японы Ерөнхий Сайд Шинзо Абе Монгол Улсад айлчлах үеэрээ “Эрч” санаачлагыг дэвшүүлсэн. Түүний энэхүү айлчлалын дараа болж буй дээрх зөвлөлдөх уулзалт Монгол, Японы харилцааг Стратегийн харилцааны түвшинд хүргэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болсон гэж хуралд оролцсон хоёр тал санал нэгтэйгээр дүгнэсэн.
Хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьлаа.
Тус зөвлөлдөх уулзалт “Худалдаа хөрөнгө оруулалт”, “Уул уурхай эрдэс баялагийн” хуралдаан гэсэн үндсэн хоёр хэсэгтэй хуралдсан.
“Уул уурхай эрдэс баялагийн” хуралдаанаар манай улсаас уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьсан.
Харин Японы талаасхямд, чанар сайтай нүүрсийг тогтвортой хугацаанд тогтмол худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн Таван толгойн ордыг ашиглахад оролцох. Ингэхдээ тухайн ордын хувьцааг эзэмших асуудлыг ярилцаж, Хамтарсан худалдааны корпараци байгуулах. /нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр/ талаар санал солилцлоо.
Хуралдааны үр дүнд нүүрсийг элс ашиглан /хуурай/ аргаар баяжуулах технологийг хамтран судалж нэвтрүүлэх, дархан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас кокс шахмал түлшний үйлдвэр барих чиглэлээр судалгаа хийхээр тохиролцлоо.