Н.Тэгшбаяр: Шар нунтаг огт хоргүй гэж бид хэлээгүй
Цөмийн Энергийн Газрын дарга Н.Тэгшбаяр
2013.01.18

Н.Тэгшбаяр: Шар нунтаг огт хоргүй гэж бид хэлээгүй

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай уулзаж ярилцсанаа толилуулж байна.

Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Арева-Кожеговь ураны компани дэргэд амьдардаг малчны олон үхэр бяруу үхсээр байгаа энэ асуудал дээр ямар арга хэмжээ авч байна бэ?

Газар дээр нь Байгаль орчны иргэний зөвлөлийн хүмүүс хөндлөнгийн хяналтаар, манай мэргэжилтнүүдтэй хамт 12 сарын 29 нд яваад ирсэн. Тухайн газар манай байцаагчид очиж хэмжилтийг малчны бууц, малын сэг, бэлчээрт зэрэг маш олон газар хэмжилт хийсэн. Хэмжилтээр тухайн нутгийн цацрагийн фон нь байх ёстой стандартаасаа бага байна.

Лабораторуудын шинжилгээний дүгнэлтүүд эхнээсээ гараад байна. Өнөө маргаашгүй бид бүгдийг нэгтгээд хамт явсан хүмүүстэй ярилцаад дүгнэлтээ мэдээлнэ.

Гэхдээ химийн бодис бусад ямар юунаас болсон бэ? гэдгийг тодруулахаар дээжийг лабораторид шинжлүүлж байна. Усны шинжилгээний дүн стандартын хэмжээнд гэж гарсан. Лабораторуудын шинжилгээний дүгнэлтүүд эхнээсээ гараад байна. Өнөө маргаашгүй бид бүгдийг нэгтгээд хамт явсан хүмүүстэй ярилцаад дүгнэлтээ мэдээлнэ. Хамгийн гол нь яг юунаас болсон бэ? гэдгийг тогтоох нь чухал.

Арева-Кожеговьтой та бүхэн ямар холбоотой байна вэ? Энд амьдардаг малчны үхэр-бяруу үхээд байгаа тухайд тэд юу гэдэг вэ?

Манайх лиценз эзэмшдэг бүх л компанитай адилхан харьцаж ажилладаг. Арева-Кожеговийг бид дуудаад танай хайгуулын лицензтэй газрын дэргэд амьдардаг малчны үхэр үхсэн талаар ярилцсан. Энэ нутагт үйл ажиллагаа явуулдаг бусад олон компаниуд байдаг. Тэдгээрийг бүгдийг нь дуудаж уулзаад химийн ямар бодис хэрэглэсэн гэдгийг тодруулж хэрэглэдэг химийн бодисыг лабораторийн шинжилгээнд дүгнэлт гаргуулахаар өгөөд байна.

Гадаад, дотоодынх нь хамаагүй гол нь энд ажиллаж байгаа компаниудад бид адилхан шаардлага тавиж, адилхан хуулийн дагуу ажиллахыг, хариуцлагатай уул уурхайн төлөө явах ёстой гэдгийг бид шаарддаг.

Арево-Кожеговь компани одоо ЗГ-тай гэрээ хийх олборлолтын зөвшөөрөл авна гэдэгтээ итгэлтэй байгаа гэж захирал нь ярилцлага өгсөн байна лээ? Гэтэл олборлолт эхлээгүй байхад мал хордож үхэж байна шүү дээ?

Тэрийг бол хуулийн дагуул шийднэ. Би ганцаараа шийдчихдэг зүйл ч биш. Энэ дээр хууль шүүх,тагнуулын байгууллага, үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт оруулж байж энэ бүгдийг шийдвэрлэнэ. Зөвшөөрөл өгөх үгүй нь Монгол Улсын эрх ашгийн асуудал учир хуулийн дагуу шийднэ.

“Шар нунтаг”огт хоргүй гэж танай эрдэмтэн судлаачид дарга та бүхэн сурталчилдаг. Үнэхээр хоргүй гэж үү?

Огт хоргүй гэж хэлээгүй.

Дэлхийд байгальд ээлтэй гэж ярьдаг ч ямарч уурхай байсан байгальд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөөтэй байдаг.

Яаж энэ сөрөг нөлөөг бага байлгах вэ? гэдэг л асуудал яригддаг юм. Та нар хүний хэлээгүй үгийг хэлсэн болгож болохгүй.

“Шар нунтаг” хортой ч гэсэн ашиглах нь зөв гээд байгаа юм байна? Тиймүү? Арева ч гэсэн бид экосистемд хамгийн бага сөрөг нөлөөтэй байх л зарчим баримталдаг гэсэн байсан.

Арева юу гэж хэлснийг бид хариуцлага хүлээхгүй.

Цөмийн энерги болон цацраг идэвхт ашигт малтмалын талаарх төрийн бодлого, Цөмийн энергийн хуульд өөрчлөлт оруулах энэ төсөл ямар шатандаа явж байна бэ?

Ажлын хэсэг гараад ажиллаж байна. ТББ-уудаас өгсөн саналыг тусгана. Батзандан гишүүний толгойлсон хуулийн ажлын хэсэгтэй ч ажиллаж байгаа .Иргэдийн саналыг авч байгаа. Ер нь манай салбар нээлттэй ажиллах ёстой гэдэгт бид санал нэгтэй байгаа.

Танай байгууллага олон нийтэд уран, цацраг идэвхийн хордолтоос яаж хамгаалах талаар ялангуяа хөдөө орон нутагт ямар мэдээлэл өгдөг бэ? Ямар менежемент байдаг вэ?

Сүүлийн үед байгаль орчны ТББ- тай хамтран ажиллах сайн болон муу үр дагаварыг мэдээлдэг хэлдэг тийм системрүү явахыг зорьж байна.

Танайх вэб сайт дээрээ ураны лицензтэй компаниудын жагсаалт, шилжилт өөрчлөлтийг тавьж болдоггүй юм уу?

Хуулийн дагуу нээлттэй байх бүх зүйлийг л нээлттэй байлгана. Бидэнд нуугаад байх зүйл байхгүй.

Танай мэдээлэл нээлттэй бишээ. Тухайлбал ураны зөвшөөрөлтэй яг хэдэн компани байдаг. Үүнээс хэд нь олборлох зөвшөөрөл авсан талаар янз бүрийн тоо байдаг. Ашиглалтын зөвшөөрөл авсан 2 компани байдаг гэж бид түрүүчийн даргын үед лавлагаа авсан. Би танайд өгсөн мэдээлэл лавлагаа авах хүсэлт , бас шаардлагын хариугаа авах гээд сар гаруй болоод өнөөдөр өөрөө уулзая гэж хэлүүлсэн болохоор чинь ирээд өгсөн бичиг хэнд байгааг ч олохгүй буцлаа.

Уран ашиглах зөвшөөрөл нэг ч гадаад, дотоодын компанид өгөөгүй. Хэрэв тийм мэдээлэл байгаа бол худлаа шүү? Сайт дээрээ одоохон энэ мэдээллийг тавиулчихие гэв. Харин таны хүссэн лавлагааг одоохон Батцэнгэлд хэлээд гаргуулаад өгөе гээд хуралтай гэж яарсан тул ярилцлагаа өндөрлөв.