Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2013.04.09

Цацраг идэвхит бодисын баримтлах бодлого, хуулийг хэрэгжүүлдэг

“Ажлын дараа” нэвтрүүлэгт энэ удаагийн зочноор Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр оролцож байна.

-  Цөмийн энергийн газарт  Засгийн газраас тогтоосон чиг үүрэг нь юу байдаг юм болоо ?

Төрөөс цацраг идэвхит бодисын талаар баримтлах бодлого, түүний хуулийг хэрэгжүүлдэг тийм л байгууллага.

- Саяхан танай салбартай холбоотой нилээн шуугиан дэгдлээ. Дорноговь аймагт Францын Компаний хайгуул явуулж байгаа талбай дээр цацрагийн идэвхи өндөр, ойр орчимын мал амьтанд муугаар нөлөөлж байна гэсэн. Харин тухайн компаний хувьдүүнийг эсэргүүцэж байгаа. Энэ чиглэлээр Засгийн газраас үүрэг өгч, танайхаас шалгалт явуулсан гэсэн энэ талаар?

Энэ асуудал үүсэхээс өмнө манайх хяналт шалгалт хийгээд цацраг идэвхит бодисоос болоогүй гэдгийг тогтоогоод ирсэн. Дараа нь Ерөнхий сайд тэнд ажиллаж байх үеэр мал эмнэлгийн дүгнэлт, манай дүгнэлт хоёр зөрсөн, цацраг идэвхит бодисоос болсон гэсэн мэдээлэл нийгэмд тарсаны улмаас салбар бүрээс хамтарсан томоохон баг бүрдүүлэн дахин шалгалт хийж байна. Хариу нь удахгүй гарна.

Бид хуулийг ягштал дагаж мөрдүүлэх гэж байгаа болохоос хэн нэгэн эсэргүүцэхэд автах ёсгүй.
-  2008 оноос ээхлэн  цөмийн энергийн салбарт анхаарал хандуулж  агентлаг байгуулан, гадны улсуудтай салбарын яриа хэлэлцээрүүдийг хийж байсныг санаж байна.

Хүмүүс 2008 он гэж ойлгодог  ч энэ салбар өмнө нь цөмийн энергийн комисс гэсэн нэртэй байсан. Монголд бараг 50 орчим жил болж байна шүү дээ. Нэр нь өөр хэдий ч үйл ажиллагаа хэвээрээ байгаа. 1965 оноос  хойш “Агентлаг” нэртэй болох хүртэл үе үеийн Ерөнхий сайдууд Цөмийн энергийн газрын дарга байж ирсэн.

(2-р хэсэг)

- Агентлаг нэртэй болсоноос хойш гурав дахь дарга нь болж байна уу?

Тийм. Гэхдээ албан ёсоор томилогдсоноор бол хоёр дахь дарга нь болж байна.

- С.Энхбат дарга тухайн үедээ цөмийн энергийн хог хаягдлыг Монголд булшлах асуудлаар гэрээ хэлэлцээр хийсэн албан тушаалтнууд бий гэсэн нийгмийг цочироосон мэдээлэл хийж байсан.Үнэхээр энэ талаарх хэлэлцэж байсан асуудал байдаг уу?

Тийм зүйл байхгүй. Байсан бол би гаргаад дэлгэх байсан.

- Ингэж цөмийн энергийн салбараар улс төр хийж тоглох таны бодлоор?

Үүнийг өнөөдрөөс таслан зогсоох хэрэгтэй байгаа юм. Хуулиндаа заачихсан байхад давж гишгээд байж болохгүй л дээ. Ганц шүдний аппарат гаднаас оруулж ирэхэд хүртэл манайхаар шалгуулж орж ирдэг. Энэ мэт жижиг зүйл хүртэл хяналттай байхад тэр хог хаягдалын асуудал яригдвал бөөн юм болно л доо.

- Та энэ салбарын мэргэжилтэн мөн үү?

Тийм л гэж ойлгох ёстой.. Их сургуулийн физикийн ангийг төгссөн. Түүний дараагаар Мон-Атом гэж цөмийн энергийн компанид ажиллаж байсан. Ер нь бол алхам алхамаар л дээшилж байна.

- Та хэзээ ажлаа хүлээн авсан бэ?

Өнгөрсөн онд хүлээн авсан ч түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад саяхан албан ёсоор ажлаа хүлээн авч, өнөөдөр л үнэмлэхээ гардлаа. 

-  Өнөөдөр тэгвэл их бэлэг дэмбэрэлтэй өдөр байна тиймээ?

Тийм. Дээрээс нь цөмийн болон цацрагийн улсын ерөнхий байцаагч гэсэн давхар алба хашдаг. Саяхан хөдөө ажлаар явж байхад хүмүүс Ураны лицензийг цуцал гэсэн санал өгсөн. Бид хуулийг ягштал дагаж мөрдүүлэх гэж байгаа болохоос хэн нэгэн эсэргүүцэхэд автах ёсгүй. Хууль хэрэгжүүлэх гэж л энд сууж байгаа.

- Та ирээд ямар өөрчлөлтүүдийг хийв?  

Би ажлаа их төлөвлөдөг. Засгийн газраар оруулах асуудлаа  хуанли дээр тэмдэглэж төлөвлөдөг. Бид өглөө бүр 8 цагт 20-30 минут шуурхай хийдэг. Ингэсрээр өдөр бүр хийсэн болон хийх ажлаа тодорхой болгодог.