Н.Тэгшбаяр: Өнөөдөр нэг юм ярьчихаад маргааш өөр юм ярьдаг бол Монгол хөгжихгүй.
Цөмийн Энергийн Газрын дарга, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр
2013.01.03

Н.Тэгшбаяр: Өнөөдөр нэг юм ярьчихаад маргааш өөр юм ярьдаг бол Монгол хөгжихгүй.

Цөмийн энергийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Саяхан УИХ-ын гишүүн М.Батчимэг, Р.Бурмаа, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нарын гишүүдээс Төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсох үеэр Цацраг идэвхт ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэх ёстой юм байна гэж яригдсан. Шинэчлэх шаардлага нь юу байна вэ?

- Цацраг идэвхт ашигт малтмалын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг хүчинтэй байгаа. Сая УИХ-ын дөрвөн гишүүн манайд тавьсан асуулгын хариуг танилцуулах үеэр энэ бодлогыг шинэчлэх ёстой юм байна гэдэг дээр тохирсон. Энэ дагуу ажлын хэсэг ажиллаж байна. Шинэчлэх шаардлага нь нэгдүгээрт, Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөрт нийцүүлж ажиллах ёстой. Хоёрдугаарт, бүх зүйл хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа ийм үед шинэчлэх цаг үеийн зайлшгүй шаардлага тулгарсан гэж үзэж байгаа.

- Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Цацраг идзвхт бодисыг шар нунтагийг экспортлох хэмжээнд хүртэл ашиглана гэсэн. Яг олборлоод ирэхээр байгаль орчинд учруулж байгаа хор хөнөөл улам л нэмэгдэх юм биш үү?

- Энгийн үгээр хэлэхэд цацраг идэвхт бодис бусад уул уурхайн бүтээгдэхүүнтэй адил нэг л бүтээгдэхүүн. Мэдээж идэж ууж болохгүй, үнэрлэж болохгүй. Ямар ч химийн бодис тийм л байдаг. Зориулалтын саванд нь хийгээд технологийн дагуу ашиглаж байхад жирийн л уул уурхайн бүтээгдэхүүн. Хэзээ тэр аймшигтай аюул нь бий болдог вэ гэхээр экспортлоод,авсан газар нь үйлдвэрт өгөөд үйлдвэр нь маш олон дамжлага дамжуулаад цөмийн түлш гараад үлдэгдэл нь хаягдал болсон тэр цагт бий болдог.

Эм ч гэсэн тун нь таарвал эм, ихэдвэл хор гэдэг шиг шар нунтгийн хувьд ч гэсэн уул уурхайн зөв горимоо барих юм бол аюулгүй. Хүхэр ашигладаггүй уул уурхай дэлхий дээр бараг байхгүй. Нөгөө талаар аливаа уул уурхай заавал байгаль дэлхийд сөрөг нөлөөтэй байдаг. Харин хамгийн бага сөрөг нөлөөтэй байх технологийг л ашиглах юм бол ураны уурхай ч адил, зэсийнх ч адил. Ялгаагүй л хүхэр хэрэглэж байгаа. Тэгэхээр нэг нь эх оронч царайлаад нөгөө нь эх оронч биш царайлаад бие бие рүүгээ дайрахаас илүү харилцан ойлголцолд хүрээд, хамгийн сайн технологийг Монголд нэвтрүүлэх асуудал байгаа юм. Монгол дэлхийд өрсөлдөх чадвартай, мөнхдөө баян байхад ч, ирээдүйд боловсролд ч хэрэгтэй, Монголд ч хэрэгтэй.

Бодлогыг нь тохируулдаг газар. Тийм учраас бид иргэдээ эрүүл орчинд амьдруулахын төлөө, цацрагийн аюулгүй байдлын төлөө бид энэ бүхнийг хийх ёстой.

Монгол ядуу, өрсөлдөх чадваргүй байх нь тусгаар тогтнолоо алдахад ойр байна. Манай агентлаг Монголыг чадавхжуулахын төлөө маргаашийн сайхан ирээдүйг бий болгохын төлөө төрийн бодлогыг барьж, хууль дүрмийн дагуу төрөөс гаргасан бодлогыг тохируулах гэж ажиллаж байгаа агентлаг. Тэрнээс биш хүмүүсийн боддог шиг газар шороо ухаад байдаг газар биш. Бодлогыг нь тохируулдаг газар. Тийм учраас бид иргэдээ эрүүл орчинд амьдруулахын төлөө, цацрагийн аюулгүй байдлын төлөө бид энэ бүхнийг хийх ёстой.

Цөмийн технологи дээр суурилдсан тоног төхөөрөмжийг хэрэглэдэггүй, ашигладаггүй газар байхгүй. Тиймээс эдгээр тоног төхөөрөмжид нөгөө л шар нунтгийг боловсруулаад тэндээс гарсан бүтээгдэхүүнийг хэрэглэж байгаа зүйл. Жишээ нь миний аав, ээж хорт хавдраар өнгөрсөн. Тэгэхэд би аль дээр л цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмжөөр оношлуулахгүй яав аа, эмчлүүлэхгүй яав аа гэж бодож байсан. Ингэж оношлуулж эмчлүүлсэн хүмүүс амьд сэрүүн байж байна. Тэгэхээр аливаа зүйлийг эсэргүүцэхээсээ өмнө сайн талыг аваад хөгжүүлэх ёстой. Уул уурхай хайгуулаас аваад олборлолт боловсруулалт сүүлийн шат хүртэл цөмийн технологийн давуу талыг хэрэглэж байгаа ийм үед юмыг мэдлэг, мэдээлэл, шинжлэх ухаанд тулгуурласан байдлаар хандахгүй бол өнөөдөр популизмиар ханддаг цаг өнгөрсөн байна.

Дэлхий ч бас тийм болж. Тиймээс ултай суурьтай харах хэрэгтэй. Та сэтгүүлч хүн. Танд манай технологийг судлаад явж байх зав ч байхгүй, магадгүй хэрэг ч байхгүй байх. Гэхдээ энэ талын мэдээлэл, мэдлэг хэрэгтэй бол манай газар байнга нээлттэй. Бодитой баримтыг олоод авах боломж нээлттэй байна.

Мэдлэгт суурилсан цацрагийн хяналтын төлөө хамтдаа ажиллая гээд Байгаль орчин иргэний зөвлөлийн цөмийн ажлын хэсгийнхэн, төрийн бус байгууллагынхантай уулзаад явж байна.

Хоёр монгол хүн нудралцаад байхаасаа илүү хөтлөлцөөд дэлхийтэй өрсөлдөж хөгждөг баймаар байна. Хэн нэгнээс хамаарч биш технологи дэвшлээ дагаад сайжирдаг монголын төлөө явмаар байна.

- Хаягдал заавал буцааж авах ёстой гэдэг олон улсын гэрээ байдаг бил үү?

- Заавал тэгнэ гэсэн конвенц ч, хууль ч байхгүй. Хоёр орон гэрээгээрээ шийдээд явах ёстой. Манайд бол хууль байна. Ерөнхийлөгчийн зарлигаар хаягдал булшлахыг хорьчихсон. Одоо ийм байгаа тохиолдолд хаягдлын тухай яриа байхгүй. Энд итгэж болно. Хэзээ ч монголд цөмийн хаягдал оруулж болохгүй гэсэн чиг баримжаатай.

- Цацраг идэвхт бодисыг амьдрал дээр маш их хэрэглэж байгаа. Энэ хэрэглээг хэвийн хэмжээнд байна уу гэдэг хяналтыг хэрхэн тавьж байна?

- Цөмийн энергийн газрын дэргэд цацраг идэвхт бодисоор мэргэшсэн мэргэжлийн хяналтын байцаагчид байна. Тэд цацрагийн хяналтаа тавьдаг. Иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулна гэдэг бол хилээр нэг ширхэг хадаас орсон ч цацрагтай байна уу гэдгийг хянах ёстой. Тэр үүргээ бид сайн хийж байна. Хоёрт хүмүүс манай агентлагийг цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрлийг хамаагүй өгчихдөг гэж бодоод байх шиг байна.

Гэтэл цацраг идэвхт бодисын 164 тусгай зөвшөөрөл 2009 онд Ашигт малтмалын газраас манайд шилжиж ирсэн болохоос манайхаас өгсөн зүйл байхгүй.

Гэтэл цацраг идэвхт бодисын 164 тусгай зөвшөөрөл 2009 онд Ашигт малтмалын газраас манайд шилжиж ирсэн болохоос манайхаас өгсөн зүйл байхгүй. Цөмийн энергийн тухай хуулиар лиценз олгох асуудал Аюулгүй байдлын зөвлөл, Тагнуул гээд олон газартай ярьж шийддэг, ганц хүн шийддэгээ больчихсон. Энэ дээр их зөв ойлголттой баймаар байна. Одоо хайгуулын 84 лиценз байгаа.

- Олборлолтын хоёр тусгай зөвшөөрөл байгаа гэсэн?

- Хар тугалга, газрын хүнд элементийн ашиглалтын лицензтэй байсан нь цацраг идэвхт бодис илрэнгүүт манайх руу шилжиж ирснээс биш манайх олгоогүй.

- Цацраг идэвхт бодисыг шар нунтаг хүртэл ашиглана гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан болохоор одоо олборлолтын тусгай зөвшөөрөл өгч эхэлж байгаа юу?

- Засгийн газрын мөрийн хөтөлбөрт шар нунтаг хүртэл явуулна гэж байгаа учраас ашиглалтын тусгай зөвшөөрөл авахаар материал өгсөн компаниуд байна. Энд хяналтаа тавиад өгөхөд нь өгнө, өгөхгүйд нь өгөхгүй. Ер нь та нар эрсдлээ дагаад хайгуулаа хий, ашигт малтмал олбол хамтръя гэж хууль гаргачихаад олсон хойно нь ашиглуулахгүй байгаад байх нь бодлогын хувьд буруу. Аливаа улс орон, байгууллага ч бай аль ч тохиолдолд хөрөнгө оруулагчдын хөрөнгөнөөс татвараа авч явдаг. Тийм тохиолдолд юм хийж чадаж байгаа, хуулийн дагуу явж байгааг нь бид дэмжих ёстой. Хууль илт зөрчиж байгаа бол зогсоох ёстой. Тэр ч утгаараа зөрчиж байгаа, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй 160 гаруй компаниас 80-аадыг нь түдгэлзүүлчихээд байна.

- Цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж НҮБ-аас батламжилсаны ач холбогдол юундаа байна вэ?

- Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусын тухай Тунхаглалуудад цөмийн зэвсэгтэй таван гүрэн (АНУ, ИБУИНВУ, БНХАУ, ОХУ, Франц) болон Монгол Улс Нью-Йорк хотноо 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурж, баталгаажуулсан. Энэ нь цаагуураа цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх баталгаа эднийх гаргаж өгсөн учраас аюулгүй байдлыг нь НҮБ хариуцах ёстой. Тусгаар тогтнолыг хамгаалах үүрэгтэй. Дэлхий бидний тусгаар тогтнол, аюулгүй байдалд анхаарна гэсэн баталгаа гэж ойлгох хэрэгтэй.

- Атомын цахилгаан станц байгуулах цаг нь болсон гэж манай зарим эрдэмтэд ярьдаг. Манайд ийм боломж хэр ойрхон бий вэ?

- Засгийн газрын мөрийн хөтөлбөр Атомын цахилгаан станц барих тухай асуудал байхгүй.Урьд нь цөмийн энергийн тухай бодлого дээр байсан юм билээ. Эсэргүүцсэн бүхэн буруу биш, зөвшөөрөгдсөн бүхэн буруу биш. Тиймээс аливаа зүйлийг шинжлэх ухааны үндэстэй судалж, харж шийдвэр гаргадаг байх хэрэгтэй. Тиймээс АЦС барих асуудал одоо байхгүй, гэхдээ судлах хэрэгтэй. Дэлхий дээр байгаа бүх АЦС хөгжилтэй орнуудад байдаг. Тэр нь хамгийн хямд эрчим хүчийг экологид ээлтэй байдлаар гаргаж аваад байгаа болохоос тэнэгтээ байлгаад байгаа юм биш.

-Танай агетнлаг тоног төхөөрөмж боловсон хүчний хувьд хэр өндөр түвшинд хүрсэн бэ?

- Манайд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн экспертийн түшинд бэлтгэгдсэн залуучууд ажиллаж байна. Дэлхийн хэмжээний тоног төхөөрөмжийг ажиллуулж чаддаг боловсон хүчин, тоног төхөөрөмж нь байна. Дэлхий Монголын бондыг булаалдаад авч байгаа энэ үед, монголын талаарх дэлхийн бодол эерэг болж байгаа ийм үед хүн бүхэн дор дороо хариуцлагатай байж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдахгүй, хэлсэндээ байж чадвал Монгол улс хөгжинө. Өнөөдөр нэг юм ярьчихаад маргааш өөр юм ярьдаг бол Монгол хөгжихгүй.