Н.Тэгшбаяр: Цацрагийн үүсгүүр хэрэглэгч бүх байгууллагуудыг хяналт шалгалтанд хамруулна
Цөмийн Энергийн Газрын дарга, Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяр
2013.03.31

Н.Тэгшбаяр: Цацрагийн үүсгүүр хэрэглэгч бүх байгууллагуудыг хяналт шалгалтанд хамруулна

Энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Орхон аймаг дахь Эрдэнэт үйлдвэр ХХК, Гаалийн газар, Ш.Отгобилэгийн нэрэмжит Технологийн сургууль зэрэг байгууллагуудад энэ сарын 23-25-ны өдрүүдэд Цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяраар ахлуулсан ажлын хэсэг хяналт шалгалт хийжээ. Тус байгууллагуудад цацраг идэвхт үүсгүүрийн ашиглалт, хадгалалтын цацрагийн аюулгүй байдалд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөөд ирсэн байна. Хяналт шалгалтын талаар ЦЭГ-ын дарга, цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагч Н.Тэгшбаяраас тодрууллаа.

Улсын ерөнхий байцаагч анхны хяналт шалгалтаа хийгээд иржээ. Яагаад Эрдэнэт үйлдвэрээс шалгалтаа эхэлсэн бэ?

Эрдэнэт үйлдвэр бол хамгийн олон цацрагийн үүсгүүр ашигладаг байгуулга учраас энэ оны анхны хяналтаа эхлүүлсэн юм. Эрдэнэт ХХК –ний баяжуулах үйлдвэрт суурилуулсан цацрагийн үүсгүүрүүдийн цацрагийн хамгаалалт, рентгэн шуурхай шинжилгээний лабораторт ашиглаж буй рентген спектрометрүүдийн ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн. Мөн Эрдэнэт үйлдвэр болон ШУТИС-ийн харьяа технологийн их сургуульд ашиглаж буй спектрометрүүдийн цацрагийн хамгаалалтыг шалгаж холбогдох хэмжилтүүдийг хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн гаалийн газрын шуудан илгээмжийн үйлчилгээнд ашиглаж буй рентген төхөөрөмжинд хяналт тавьж, хэмжилтүүдийг хийгээд ирлээ.

Эрдэнэт үйлдвэр дээр хичнээн цацрагийн үүсгүүрийг ямар зориулалтаар ашиглаж байна вэ?

Баяжуулах үйлдвэрт үйлдвэрийн технологийн процессыг хянах удирдахад ашигладаг. Тодруулбал: Цезий-137, кобелт-60 гэх мэт үүсгүүрүүдийг түвшин хэмжих, хоолойгоор урсаж байгаа хүдрийн нягтыг хэмжиж, нягтаар нь дамжуулан массыг тодорхойлох, урсгал замд нь элементийн анализ хийх зорилгоор ашиглаж байна. Мөн Рентген спекторметрүүдийг лабораторид элементийн анализ хийж, хүдэр болон зэсийн баяжмал, молебденийн баяжмалын элементийн агууллагыг тодорхойлоход ашиглаж байна. Нийтдээ рентген аппарат болон цацраг идэвхт изотопон үүсгүүр нийлсэн 100 гаруй үүсгүүрүүдийг ашиглаж байна.

Хяналт шалгалтаар зөрчил илэрсэн үү. Цацрагийн хяналт шалгалтын талаар хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх.

Хяналт шалгалтаар зөрчил дутагдал илэрч байна. Тухайлбал Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хувьд зөвшөөрлийн хугацааг сунгуулаагүй, баяжуулах үйлдвэрт суурилуулсан үүсгүүрүүдийн цацрагийн хамгаалалт нь аюулгүйн шаардлагын хэмжээнд хүрээгүй зөрчил байна. Аюулгүйн бүс, анхааруулах санамж тэмдэг байрлуулаагүй байна. Мөн Орхон аймгийн дахь Гаалийн газарт ашиглаж буй рентген спектрометрт хийсэн шалгалтаар рентген аппаратыг зөвшөөрөл авалгүйгээр ажилуулж байсан зөрчил илэрсэн. Холбогдох материалыг бүрдүүлэн зөвшөөрлөө авах, Цөмийн энергийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Багагүй зөрчил илэрсэн байна. Улсын ерөнхий байцаагчын хувьд ямар арга хэмжээ авсан вэ?

Суурилуулсан цацрагийн үүсгүүрүүдийн эргэн тойронд хар тугалга болон төмрөөр хамгаалалт нэмж хийх, цацрагийн аюултай бүс гэсэн анхааруулах санамж тэмдэгийг байрлуулах, цацрагтай ажиллагсадыг давтан сургалтанд хамруулах зэрэг үүрэг даалгаваруудыг өгсөн. Мөн Орхон аймгийн дахь Гаалийн газарт холбогдох материалыг бүрдүүлэн зөвшөөрлөө авах, “Цөмийн энергийн тухай” хуулийг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон.

Цацрагтай ажиллагсадын аюулгүй байдалд хэрхэн анхаарч байдаг вэ? хичнээн хүн ажиллаж байна вэ?

Эрдэнэт үйлдвэрт цацрагтай ажиллагсадын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг бусад газарт үлгэр жишээ болохоор сайн хангасан гэдэг нь хяналт шалгалтаар харагдлаа.

 Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод журамтай, цацрагийн болзошгүй ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг батлуулж, ажилчдад заавар зөвлөгөөг тогтмол өгдөг, зохих хэмжилтийн багажаар хангасан, ажилчдыг сургалтанд хамруулсан, мөн мэргэжлээс шалтгаалах өвчний хяналтад тогтмол хамруулж, хувийн дизометрээр бүрэн хангагдсан мөн манай лабораторт сар бүр хэмжүүлж хэвшсэн зэрэг сайн талууд ажиглагдсан.

Технологийн сургуульд цацрагийн шалгалт хийсэн гэхээр сонин байна л даа. Их сургууль цацрагийн үүсгүүр ашигладаг гэсэн үгүү.

Сургууль дээр зөөврийн болон суурин тус бүр нэг спектрометр ашиглаж байна. Сүүлийн үеийн багаж учраас гадагшаа ямар нэгэн цацрагийн алдагдал байхгүй маш сайн хамгаалалттайгаар хийгдсэн байдаг. Цацрагийн аюулгүй орчинд хамгаалалт сайтай багаж байдаг. Тус сургууль дээр ямар нэгэн зөрчил илрээгүй.

Цөмийн технологийн хэрэглээний талаар хүмүүс төдийлөн мэдэхгүй. Олон салбарт ашиглаж, түүнд нь танай байгууллагаас хяналт тавьдаг талаар сүүлийн үед л мэдээлэл багагүй авч байна. Аж үйлдвэрийн салбарт дахь цөмийн технологийн хэрэглээ манай улсад ямар төвшинд байна вэ?

Цөмийн технологи гэхээр л цөмийн цахилгаан станц, уран, шар нунтагаар төсөөлж, илүү тодорхой мэдээлэл олон нийтэд хүрдэггүй байсан. Хүн төрөлхтөн, улс орны хөгжлийн ирээдүйн баталгаа болсон цөмийн технологи ашигласаны нийгэм эдийн засгийн ач холбогдол их юм. Тодруулбал: эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, байгаль орчин, геологи, уул уурхай, аж үйлдвэрийн салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар бодит мэдээлэл өгөхөд ажлаа хүлээж авсан өдрөөс эхэлж анхааран ажиллаж байна.

Цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа байгууллагын тоо нэмэгдэхийн хэрээр цацрагтай ажиллагсадын тоо нэмэгдэж байна.

Үйлдвэрийн салбарт цацрагийн үүсгүүр хэрэглэгч байгуулагын тоо бол нэмэгдсээр байна. Ойрын жишээ гэвэл Оюутолгой компани баяжуулах үйлдвэрээ барьж ашиглалтанд орууллаа. Тус үйлдвэрт технологийн процессыг хянах зорилгоор цацрагийн үүсгүүрүүдийг суурилуулсан, энэ цөмийн технологи шүү дээ. Мөн Энержи ресурс ХХК-ийн Ухаа-худаг уурхай дээр баяжуулах үйлдвэрт цацрагийн үүсгүүр суурилуулж үйлдвэрийн технологийн процессыг хянах, удирдахад ашиглаж байна.

Мөн МCS, Апу зэрэг компаниуд ундаа болон пивоны үйлдвэрүүдэд савны дүүргэлтийг хянах зорилгоор ашиглаж байна. Цацрагийн үүсгүүр хэрэглэж байгаа байгууллагын тоо нэмэгдэхийн хэрээр цацрагтай ажиллагсадын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн оны байдлаар 1200-гаад цацрагтай ажиллагсад байна. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар хяналтад хамрагдсан байгуулагын тоо 1,8 дахин, цацрагтай ажиллагсдын тоо 3 дахин нэмэгдсэн бөгөөд манай агентлагаас хяналт тавин ажилладаг байна.

Эдгээр ажилчид нь бүгд мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамрагддаг. Бүгд хувийн дозиметр зүүгээд ЦЭГ-ын газрын лабораториор хэмжүүлж, хяналтад хамрагддаг.

Анхны хяналт шалгалт Эрдэнэт үйлдвэрээс эхэлжээ. Энэ оны хяналт шалгалтын төлөвлөгөөний талаар тодруулаач, хэрхэн хяналтаа тавих вэ?

ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын газраас хяналт шалгалтын жилийн төлөвлөгөөг гаргаж улсын ерөнхий байцаагч баталдаг. Цацрагийн үүсгүүр хэрэглэгч 321 байгууллага, байгалийн цацрагийн түвшний хяналтад 241 байгууллага нийт 562 байгууллагад бид хяналт тавин ажиллана. Мөн гадаад орчны цацрагийн хяналтад 58 цэг, пост, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад 177 байгууллага, цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр 16 байгууллагад бид мөн хяналт тавин ажиллах юм. Нэг үгээр хэлбэл цацрагийн үүсгүүр хэрэглэгч бүх байгууллагуудыг хяналт шалгалтанд хамруулна.

Танд баярлалаа