УИХ-ын гишүүдэд хүргэх нээлттэй захидал
Монголын бизнесийн зөвлөлөөс нээлттэй захидал илгээлээ.
2013.05.21

УИХ-ын гишүүдэд хүргэх нээлттэй захидал

Та бүхэнд ард түмнийхээ итгэлийг хүлээж УИХ-ын гишүүнээр сонгогдож, Засгийн газрын гишүүнээр томилогдон ажиллах нэр хүндтэй үүрэг хүлээсэнд тань баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.

Ард түмнээ ажилтай, орлоготой, эрүүл, баян чинээлэг амьдруулах, аж үйлдвэр, уул уурхай, хот, барилга байгуулалтад шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулах, бизнесийн орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ухаалаг, уян хатан бодлого боловсруулан хэрэгжүүлэх замаар тавьсан зорилгодоо хүрч сонгуулиар амласан амлалтаа биелүүлэх хариуцлагатай, асар их хүндтэй бөгөөд амаргүй үүрэг даалгавар та бүхэнд ногдож байгаа бөгөөд энэхүү том зорилтуудыг биелүүлэх, ажил хэрэг болгоход манай гишүүн бизнесийн байгууллага, компаниуд хувь нэмрээ оруулж, идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж байна.

Ойрын жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, АНУ, Европын Холбооны улсууд болон Азийн орнууд, түүн дотроо БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, манай улсын экспортын гол нэр төрөл болох уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ буурч байгаагийн улмаас улсын төсвийн орлого буурах, улсын төсвөөс хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ хязгаарлагдмал байх дүр зураг харагдаж байгаа өнөөгийн нөхцөл байдалд бизнесийн орчинг боловсронгуй болгох, хувийн хэвшилтэй хамтран ажиллах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх, таатай, тогтвортой орчинг бүрдүүлэх нь шинээр байгуулагдсан Засгийн газрын нэн тэргүүний зорилтуудын нэг байх ёстой гэж үзэж байна.

Үүнтэй холбогдуулан Та бүхэнд болон олон нийтэд хандан энэхүү нээлттэй захидлыг хүргэж байна.

Гадаадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах зорилготой анх санаачлагдсан боловч хөрөнгө оруулалтын хэмжээнд босго бий болгон, зах зээлийн жамаар хэрэгжих төслүүдийн өмчлөлийн хувь хэмжээг тогтоосон нь Монгол Улсын бизнесийн орчинг ерөнхийдөө эрсдэлтэй, тогтворгүй гэж дүгнэхэд хүргээд байна.

УИХ-ын сонгуулийн өмнө яаравчлан нэмэлт оруулж баталсан нилээд олон хууль тогтоомжууд ялангуяа “Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хууль болон сүүлийн үед бий болоод байгаа бүтээн байгуулалтыг муулсан, гүтгэн дайрсан өнгөтэй янз бүрийн мэдэгдэл, нийгмийн сэтгэхүй нь үнэн хэрэг дээрээ томоохон төслүүд дээр ажиллаж байгаа үндэсний болоод олон улсын нэр хүндтэй корпорациуд, банк санхүүгийн байгууллагуудаас оруулж байгаа хөрөнгө оруулалтыг бүхэлд нь боомилсон алхмууд болсоор байна.

Нэн ялангуяа уул уурхайн салбарт гадаадын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн оролцоог хязгаарлах зорилготой анх санаачлагдсан боловч улмаар батлагдах үедээ хамрах хүрээ нь тэлж хөрөнгө оруулалт дутагдаж байгаа аж үйлдвэрийн бүх салбаруудыг хавтгайруулан хамарч, хөрөнгө оруулалтын хэмжээнд босго бий болгон, зах зээлийн жамаар хэрэгжих төслүүдийн өмчлөлийн хувь хэмжээг тогтоосон нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад болгоомжлол, айдас бий болгож, Монгол Улсын бизнесийн орчинг ерөнхийдөө эрсдэлтэй, тогтворгүй гэж дүгнэхэд хүргээд байна.

Иймэрхүү сэтгэлийн хөөрөл, зарим нийгмийн бүлгийн шаардлагаар гэнэт бий болгосон бодлогын тогтворгүй орчин, нөхцөл байдал нь Монгол орны эдийн засгийн өсөлтийн ачааны хүндийг үүрч, экспортыг нэмэгдүүлж байсан гол гол салбарууд болох уул уурхай, барилгын салбарт сөрөг нөлөө үзүүлж улмаар улсын төсөвт төлөх орлогыг буруулах, ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлэх зэрэг хор уршигтай үр дагаврыг дагуулж байна.

Дээрх нөхцөл байдалтай уялдуулан энэхүү ил захидлыг Монгол Улсын ДНБ, улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж, бизнесийн төлөөллийн байгууллага танхим, холбоод, зөвлөлүүд хамтран гишүүн байгууллага, дэмжигчдээсээ гаргаж буй санал хүсэлт, байр суурьт дүгнэлт хийж Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Монголын ард түмэнд хандан бичих нь зүйтэй гэж үзсэн болно.

Өнөөдрийн байдлаар дээрх шинэчлэгдсэн бодлогын өөрчлөлт, нэмэлт орж батлагдсан хуулиудын уршгаар томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх тохиролцоо, яриа хэлэлцээр зогсонги байдалд орж, зарим нь цуцлагдаж, хөрөнгийн зах зээлээс мөнгө босгохоор ажиллаж байсан компаниудын хувьцаа нилэнхүйдээ унаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад  хүндрэл учирч, хямралын нөхцөл байдалтай болж эхэллээ.

Засгийн газар зөвхөн үйл ажиллагааныхаа ил тод байдлаа сайжруулснаар жил тутам багаар бодоход 500.0 сая ам долларын хэмнэлт, хөнгөлөлт гарах бололцоотой

Нэг жишээ дурдахад, саяхан хийгдсэн олон улсын байгууллагын судалгаагаар Монгол улсын Засгийн газар зөвхөн үйл ажиллагааныхаа ил тод байдлаа сайжруулснаар Монгол Улсын олон улсын санхүүгийн байгууллагаас зээлжих үнэлгээ зөвхөн нэг хувиар дээшлэхэд, 2017 он хүртэл хэрэгжих томоохон төслүүдэд шаардлагатай 70 тэрбум ам долларын зээлийн хүүгийн өөрчлөлт, зөрүүгээс гэхэд л жил тутам багаар бодоход 500.0 сая ам долларын хэмнэлт, хөнгөлөлт гарах бололцоотойг тогтоосон байна.

Энэ нь шинээр батлагдаж буй бизнесийн орчинд сөрөг нөлөөлөх хууль тогтоомж нь ямар ч судалгаа шинжилгээгүй, бизнес, хувийн хэвшил, олон нийтийн ямар ч оролцоогүй, хэлэлцүүлэг, саналыг нь тусгалгүйгээр батлагддаг хэвшмэл тогтолцоотой шууд холбоотой монголчууд бидэнд учирч буй эдийн засгийн хохирол билээ.

Иймд шинэчлэлийн УИХ, Засгийн газар улс орны эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх, бизнесийн орчинд нөлөөлөх, татвар болон зохицуулалтын орчны хэм хэмнэлийг өөрчлөх хууль тогтоомжийг шинээр санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулахдаа бизнес, хувийн хэвшлийнхэнтэйгээ зөвлөлдөн хамтран хэлэлцэж, тооцоо судалгаатай хийж байхыг та бүхнээс хүсч байна.

Бидний зүгээс бизнесийн орчинг боловсронгуй болгох аливаа хуулийн төсөл, зохицуулалтыг шинээр нэвтрүүлэхэд ажлын хэсэгт орж ажиллах, саналаа харилцан ярилцаж, зөвлөлдөхөд бэлэн байгаагаа бизнесийн төлөөллийн байгууллагууд энэхүү ил захидлаараа дамжуулан илэрхийлж байна.

Улс орны эрх ашгийн төлөөх нийтлэг нөхцөл байдал биднийг нэгтгэн та бүхэнд хандахад хүргэж байна.