Гишүүд цэргийн ангиудын үйл ажиллагаатай танилцжээ
ИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 16 удаа хуралдаж, 36 хуулийн төсөл хэлэлцсэн билээ. Мөн байнгын хорооны гишүүд Гадаад харилцааны яаманд ажиллаж, "Гадаад бодлогын үзэл баримтлал"-ын хэрэгжилттэй танилцан, цаашид хэрхэн ажиллах талаар санал гаргажээ. Үүнээс гадна Байнгын хорооны дарга Ц.Цолмон, гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр, О.Баасанхүү нар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын үйл ажиллагаатай танилцсан байна. Тус байнгын хорооны гишүүд Дархан-Уул, Орхон, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штаб болон Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги, 322 дугаар ангийн салбар, Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар анги, Хялганат дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангид ажиллаж Зэвсэгт хүчний анги, салбаруудад тулгамдаж байгаа асуудлуудын талаар харилцан санал солилцов.