Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ХЭМСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ХЭМСҮТ-тэй танилцаж байгаа нь
2013.02.18

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав ХЭМСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын үндэсний төв нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт судалгаа хийсний үндсэн дээр үнэлгээ өгөх, ажлын байрны эрсдэлтэй хүчин зүйлүүдээс урьдчилан сэргийлэх талаар санал, зөвлөмж өгөх, Мэргэжлээс шалтгаалсан өвчинийг оношлох, эмчлэх, нөхөн-сэргээх, сувилах, үүний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд хөдөлмөр зохицуулалт хийх, холбогдох байгууллага, мэргэжилтэнг мэргэжлийн арга зүйгээр хангах үндсэн чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм. Энэ ч утгаараа ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүн бүрт чухал ач холбогдолтой тус байгууллагын үйл ажиллгаатай Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав танилцаж, ажилтан албан хаагчидтай нь уулзлаа.

Уулзалтны эхэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав тус төвийн ашиглаж байгаа тоног төхөөрөмж, барилгын байдалтай танилцаж, тулгамдаад байгаа асуудлуудын талаар мэдээлэл авлаа. Тус төв 1957 онд ашиглалтанд орсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд барилгын чанар муудсанаас үүдэлтэйгээр дээврээс ус гоожих, зарим нэг газарт мөөгөнцөртөж, чийгтэх болсон байна. Мөн тоног төхөөрөмжийн хувьд цөөн тоотой байдгийн дээр, бодитой шинэчилэл хийгдэж байгаагүйгээс шалтгаалан ихэнх тоног төхөөрөмжүүд жагсаалаас гарч, олон жил ажилласан эмч мэргэжилтнүүдийн ачаар өдөр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь доголдоогүй байгаагаа хэллээ.

Зарим нэгэн нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг даруй шийдэж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад туслалцаа үзүүлэхийг салбарын сайдаас хүсч байлаа.

Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын үндэсний төв Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын байранд хөдөлмөрийн болон эрүүл ахуйн нөхцөлийг судлах, хэмжилт хийх, үнэлгээ өгөх, ажлын байрны аюултай хортой хүчин зүйлсийг багасгах, арилгах арга хэмжээний талаар зөвлөгөө зөвлөмж өгөх, ажилчдад эрүүл, аюулгүй зан үйлийг төлөвшүүлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг оношлож эрт илрүүлэх, эмчлэх, нөхөн сэргээж сувилах, урьдчилан сэргийлэх, хөдөлмөр зохицуулалт магадлал хийх, холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.

Тиймээс Хөдөлмөрийн сайд тус төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар эмч мэргэжилтнүүдтэй хийсэн уулзалтын үеэр “Хөдөлмөрийн яам байгуулагдаад 6 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид яамаа эмхлэн байгуулах, орон нутагт садбар хэлтэстэй болох, мэргэжилтэй ажилтан бэлтгэх гээд их ажил амжуулж байна. Тиймээс өнөөдөр ажилтан, албан хаагчдын ажлын байрны эрүүл орчин, хөдөлмөрийн аюулгүй байдлыг судалж, үнэлэлт дүгнэлт хийх учиртай ХЭМСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж байна. Төвийн удирдлагуудаас ч тулгамдаад байгаа асуудлуудаа бидэнд тавилаа. Миний хувьд харьяа байгууллагынхаа тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй. Энэ тал дээр ч анхаарал хандуулж ажиллана. Тиймээс та бүхэн ч мөн урьдын адил ажилдаа чин сэтгэлээ зориулж ажиллаарай. Тоног төхөөрөмж, зарим нэг нэн шаардлагатай зүйлсийг шийдэж өгөх тал дээр ажиллана” гэлээ.

Тус төв нь хөдөлмөрийн нөхцөл судлалын хэлтэс, мэргэжлийн өвчин судлалын хэлтэс, захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн 3 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд төвийн дэргэд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдсан иргэдийн өвчний шалтгаан, хувь хэмжээ, хугацаа болон хөдөлмөр зохицуулалтын  асуудлыг магадлан шийдвэрлэдэг хөдөлмөр магадлалын комисс ажилладаг байна.