Монгол үлсын ерөнхий сайд Н.Алтанхуягаас ирүүлсэн мэндчилгээ
Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлого" үндэсний зөвлөгөөнд Монгол үлсын ерөнхий сайд Н.Алтанхуягаас ирүүлсэн мэндчилгээ
Өнөөдрийн Үндэсний зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, хүндэт ахмадууддаа ирж байгаа хаврын тэргүүн сарын усан могой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүний хувьд анх ажил авсан өдрөөс итгэл үнэмшил, зорилго чиглэлээ болгож эхэлсэн зүйл бол МОНГОЛ ХҮНЭЭ дээдэлсэн нийгмийн тогтолцоог бий болгохыг зорьсон юм. Энэхүү зорилтот ажилд маань ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудал чухал байр суурийг эзэлж байна.
Өнөөдөр тэтгэвэртээ суусан буурлууд маань үзэж харсан, сонсож дуулсан арвин их баялагтай, зөвийг зааглаж, бурууг шүүх өргөн их мэдлэгтэй хүмүүс билээ. Тэрхүү ахмадуудын маань мэддэг чаддаг бүхэн Монгол оронд хэрэгтэй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газар ахмад мэргэжилтнүүдийн Үндэсний сүлжээг зохион байгуулах болсон. Ингэснээр ахмадууд маань байгууллагуудад зөвлөгөө өгч, гэрээгээр, түр хугацаагаар ажиллан олсон мэдлэг, туршлагаа залуустайгаа хуваалцах тэдэнд өвлүүлэх боломж бүрдэх юм.
Мөн удахгүй тэтгэвэрт гарч ахмадын тоонд орох иргэдээ мөнгө санхүү, ажил мэргэжлийн хувьд хүчирхэг байлгах, 40-өөс дээш насынхны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг баталж шаардагдах хөрөнгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах болно.
Шинэчлэлийн Засгийн газар ахмад настны асрамжийн газар байгуулж, үйл ажиллагаа явуулах гэж буй хувийн хэвшлүүдийг дэмжиж ажиллана. Харин шинээр байгуулагдах энэхүү асрамжийн газрыг ахмадууд маань харилцаа холбоогоо тэлж, ирж очин амардаг, жаргал зовлонгоо хуваалцаж хөгжиж цэнгэдэг хөөр баяраар бялхсан газар байгаасай гэж хүсэж байна. Энэхүү үйл ажиллагааг барууны оронд хувийн хэвшлүүд нь төрийнхөө дэмжлэгээр бий болгож болоод байхад манай улсад ч хийх боломжтой юм.
Өнгөрсөн хугацаанд "Ахмад настны нийгмийн хамгааллын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль", "Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль"-ийг тус тус батлуулж Нийгмийн халамжийн сангаас ахмадуудад олгодог зарим тэтгэмж, тусламжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо.
Мөн ахмадуудтай холбоотой бас нэгэн чухал асуудал болох насжилтыг ч бид орхигдуулсангүй ээ. 2009 онд хүн амын насжилтын асуудлаархи Үндэсний стратегийг баталж, цаашид уг асуудалд онцгой анхааран насжилтын талаар баримталсан бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ хийж цаашдын зорилтоо тодорхойлон салбар дундын бодлого, зохицуулалтын ахмад настны "Үндэсний хороо"-г байгуулан ажиллах болно.
Энд хуран цугларсан эрхэм хүндэт төлөөлөгчдөө,
Би хувьдаа та бүхний энэхүү арга хэмжээ Шинэчлэлийн Засгийн газрын хийх гэж буй ажлуудад шинэ санаа авах, сургамж хэрэгжүүлэх бодлогоор арвин зөвлөмж өгч, Та бүхний цаашдын үйл ажиллагааны чиглэлийг оновчтой тодорхойлж, амжилттай ажиллана гэдэгт итгэж байна.
Хүндэт ахмад буурлууддаа сайн сайхныг хүсэж, Үндэсний зөвлөгөөнд амжилт хүсье.