2013.01.22

Я.Санжмятав: Нэг аймагт хамгийн багадаа 1500 ажлын байр бий болгох ёстой

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай цөөн хором ярилцлаа.

-Аймгийн Засаг дарга нартай гэрээ байгуулж байна. Тухайлбал, Хөдөлмөрийн яамны гэрээнд аймгийн Засаг дарга нартай хэрхэн хамтарч ажиллахаар тусгаж байгаа вэ. Энэ дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад бий болох бүтээн байгуулалтын ажилд танай яам түлхүү гар бие оролцон ажиллах байх?

-Хөдөлмөрийн яам аймаг, сумын Засаг дарга нартай хамтарч ажиллана. Дээрээс нь эздийн холбоо, үйлдвэрчний эвлэл, иргэдийн оролцоо, хяналтанд доор ажлаа явуулах ёстой. Жижиг дунд үйлдвэр, ажлын байр бий болгох санхүүжилт, хөрөнгийг аймаг, сумын Засаг даргын мэдэлд өгч байгаа. Энүүгээрээ бүтээгдэхүүн нийлүүлэх ёстой, бүтээгдэхүүн нь ажлын байр байх юм. Нэг аймагт доод тал нь 1500 ажлын байр бий болгох ёстой.

-Гэхдээ аймгуудын онцлогт тулгуурлаж байгаа юу?

-Аймаг, аймгийн онцлогийг уялдуулж байгаа. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал гэдэг юм уу тухайн аймагт ямар салбар хөгжих боломжтой байна гэдгийг нь харж байгаа. Тэгэхгүй бол баруун аймгуудад газар тариалан эрхлэхэд хэцүү. Тиймээс төвийн аймгуудад газар тариаланг нь, зүүн аймагт нь мөн ямар төрлийн онцлог байдаг  юм, түүнийг нь л харгалзан хэрэгжүүлэх юм.

-Гэрээний үр дүнг хэрхэн дүгнэх вэ. Мөн хэрэгжүүлэх явцад хяналтыг нь хэн тавих вэ. Хяналтгүй бол ямар ч ажлын байр бий болгоогүй байж, тайлан хийх болохоор энд тэндэхийн ямар нэгэн юм хамж ирээд тайлагнаад байж болох талтай шүү дээ?

-Гэрээний хэрэгжилтийг хагас жил болгон дүгнэнэ. Гэрээ дүгнэх явцыг жилд хоёр удаа хийх юм. Эхний хагас жилийн дүнгээр дараагийн хагас жилийн санхүүжилт олгогдох учиртай. Тиймээс харьцангуй бодитой болж байгаа. Хяналтын тухайд тухайн аймаг, сумын хөдөлмөрийн хэлтэс нь хяналт тавих юм.

-Засгийн газрын бодлого мэргэжилтэй ажилтан бэлтгэж бүтээн байгуулалтад оролцуулахыг түлхүү дэмжиж байна. Энэ хүрээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт эхэлсэн байна билээ. Сургалтыг орон нутагт ямар хэлбэрээр явуулж байгаа. Хүн бүрт нээлттэй байх уу?

-Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл явдгаараа явж байгаа. Гэхдээ онолын мэдлэг гээд хоёр гаран суралцуулаад дадлага хийлгэхгүйгээр дипломтой хүүхэд гардаг бол бид сургалтын 30 хувийг онол, 70 хувийг үйлдвэрлэл дээр эзэмшүүлэх сургалт явуулж байгаа. Гэхдээ парактик дадлагын 40-50 хувь нь ажиллах яг ажиллах үйлдвэр дээрээ хийх юм. Аж ахуйн нэгжүүдээс ямар боловсон хүчин шаардлагатай байгааг судалж захиалгаа аваад бид тэр хүнийг богино хугацаанд сургах юм.

Энэ нь Шинэчлэлийн Засгийн газрын бүтээн байгуулалтын ажилтай уялдуулаад богино хугацаанд гаргаж байгаа хэрэг. МСҮТ энэ жил 20 орчим мэргэжилтэй боловсон хүчинг төгсгөх бол бид богино хугацаанд 6-7 мянган мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ. Үүнд Оюутолгойн дэмжлэг бий. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн сангаас хөрөнгө гаргаж байгаа. Ингээд гурван сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулаад дадлага хийлгэх юм. Ингэхийн тулд тухайн компанийн захилга авч байна.

Өнөөдрийн байдлаар компаниуд 3500 орчим мэргэжилтэй ажилтны захилга өгсөн. Ажилд орох хүмүүсийн 3200 орчим байгаа нь эрэлт нийлүүлт ойролцоо байгаа нь харагдаж байна. Сонголтуудыг нь ажил олгогчдоос өөрсдөөр нь хийлгэж байна. Ажилд орох хүсэлтэй хүмүүстэй нь тухайн компанийн хүмүүс уулзаад ямар давуу талбай юм гэдгийг нь асууж тодруулаад ажилд авах хүнээ сонгох юм. Би танай компани энэ хүнийг ажилд ав гэж шахахгүй. Бид сонгосон хүнийг богино хугацаанд сургаж бэлтгээд ажлын талбарт гарах үүргийг хүлээж байгаа юм. Энэ ажил ганц Улаанбаатарт бус орон нутагт ч ийм байдлаар явна.