Хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдрийн /2025.01.08/ хуралдаанаараа Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хуулийн төслийн талаар Байнгын хорооны дарга Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цөмийн энергийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Цөмийн энергийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 30.1-д заасан гэрээг хөрөнгө оруулагчтай Засгийн газар байгуулахдаа Улсын Их Хурлын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Байнгын хороотой зөвшилцөнө” гэж заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “Бадрах энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч "Орано Майнинг САС" компанитай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэдгийг хэрхэн ойлгох талаар тодруулан асууж, хариулт авав. Хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гарсангүй.
Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.