ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен
2024.07.25

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АНУ-Д ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен-тэй 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв.

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд “ардчиллын баян бүрд” Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалаас хойш Вашингтон хотноо ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, англи хэлний монгол багш нарыг бэлтгэхээр тохирлоо.

Мөн энэ үеэр Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын анхдугаар Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Вашингтон хотноо болов.

Яриа хэлэлцээг монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, америкийн талаас Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт М.Кэмпбэлл нар тэргүүлж, хоёр талаас нийт 6 байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцлоо.

Энэхүү яриа хэлэлцээ нь хоёр улсын харилцаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлд хүрснээс хойш Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаагаар онцлог бөгөөд хоёр талын харилцан сонирхсон асуудлаар сэдэвчилсэн долоон хуралдааныг зохион байгуулав.

Яриа хэлэлцээний үеэр талууд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд улс төр, батлан хамгаалах, худалдаа, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаа, иргэд хоорондын хэлхээ холбоог улам гүнзгийрүүлэх, цаашид нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, сансар судлал, цахим хөгжил зэрэг салбарт эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.