БУТАН УЛС НЬ ДНБ-ЭЭРЭЭ ДЭЛХИЙН 190 ОРНООС 178-Д ЖАГСДАГ
Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук хатан хааны хамт
2024.07.04

БУТАН УЛС НЬ ДНБ-ЭЭРЭЭ ДЭЛХИЙН 190 ОРНООС 178-Д ЖАГСДАГ

Бутаны Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук буюу Жигмэдгэсэрнамжил Ванчиг Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд айлчилж Наамдын нээлт үзэж сонирхох товтой байна. 

Бутан улс буюу албан ёсоор Бутаны Хаант Улс нь Гималайн нурууны зүүн хошуунд орших далайд гарцгүй, өмнөдАзийнорон юм. Бутан улс нь зүүн, урд, баруун талаараа Энэтхэг, хойд талаараа Хятад улстай хил залгадгаас гадна Балба, Бангладеш улсуудтай ойролцоо байрлана. 

Бутан нь 17-р зууны үед төрт улсгүй, салангид олон жижиг хамжлагат ёс тогтож байсныг 1616 онд лам Агваан Намжил нэгтгэн, улс болгосноор өнөөгийн Бутаны суурийг тавьжээ. Агваан Намжилыг 1654 онд нас барснаас хойш, дотоодын тэмцэл өрнөх, гадаад улсуудын нөлөөнд автах зэрэгтэй тулсаар 1910 онд Британид хүлээн зөвшөөрөгдөж, холбоотон болсноор тусгаар улс болжээ. Хэмжээлшгүй эрхт хаант ёстой байсан Бутан 2007 онд Үндсэн хуульт хаант улс болсон ба одоогийн хаан нь Жигмэдгэсэрнамжил Ванчиг юм. Улсын нийслэл нь Тхимпху хот бол Бутанчуудын дийлэнх нь Төвөдийн Буддын шашны шүтлэгтэй. 

Бутан нь нийт 38,394 ам дөрвөлжин километр нутагтай, 691,141 хүн амтай болох ба эдгээр үзүүлэлтээр жижиг орны ангилалд багтах юм. Бутаны хүн ам нь бхоти болон төвөд, балба, энэтхэг гаралтай хүмүүсээс бүрдэнэ. Бутанд аман ярианы 24 хэл байгаагаас Жонха хэл нь албан ёсны улсын хэл болдог. 

Бутан нь хөдөө аж ахуйн орон бөгөөд ажил эрхэлдэг хүн амын 95 хувь хөдөө аж ахуйд ажилладаг. Голын хөндий, уулын хормойгоор усалгаатай газар тариалан эрхэлнэ. Газар тариаланд тутрага, буудай, арвай, шар будаа, эрдэнэ шиш, гурвалжин будаа, төмс, хөвөн тариалж хүнсний ногоо, жимс, цэцэрлэгийн аж ахуй голлодог. Бэлчээрийн мал аж ахуйтай. Үхэр, сарлаг, хонь, луус, гахай өсгөнө. Энэ улс шуудангийн маркаараа дэлхийд алдартай бөгөөд энэ нь ихээхэн орлогын эх үүсвэр болдог байна. Гар үйлдвэрийн аргаар хөвөн, хивс, сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн ба гэр ахуйн хэрэгсэл, мод, металлаар гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Мөн төмрийн хүдэр, нүүрс, гөлтгөнө, гялтгануур олборлож, модон эдлэл, лаазалсан жимс, заар экспортолдог. ДНБ нь 2022 оны байдлаар нийт 2.6 тэрбум ам.доллар буюу 178-д жагсдаг бол нэг хүнд оногдох хэмжээ нь 3.144 ам.доллар буюу дэлхийн 190 орны 124-д орж байна. 

Бутаны засгийн газар эвсэлд үл нэгдэх, улс орнуудтай найрамдалтай, энх тайвнаар зэрэгцэн орших бодлого явуулдаг. Бутаны Хаант Улсын Цог жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад хийх айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзалт хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм.