ТАНИЛЦ: Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ долоо хоногт...
СИНГАПУР УЛСТАЙ НҮҮРС ТӨРӨГЧИЙН ЗАХ ЗЭЭЛД ХАМТРАН АЖИЛЛАХ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦОВ
Арабын Нэгдсэн Эмират Улсад болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Тэргүүн Шадар Сайд Тео Чи Хин болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, Парисын хэлэлцээрийн 6.2 дугаар зүйл буюу Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, НҮБУАӨСК-ын өмнө хүлээсэн үүрэг амлалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх томоохон хэрэгсэл болох нүүрстөрөгчийн зах зээл дээр хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.
КИРГИЗ УЛСТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАНА
Киргиз Улсын ерөнхийлөгч Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэр аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар хэлэлцсэний хүрээнд хоёр орны аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд, тур операторуудын төлөөлөл харилцан туршлага солилцох "Рөүд шоу" арга хэмжээг зохион байгуулав.
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙВ
БОАЖЯ-наас сар бүрийн эхэнд Хэвлэл мэдээлэл олон нийтэд цаг үеийн болон бусад асуудлаар нээлттэй мэдээлэл өгдөг “Хэвлэл мэдээллийн бага хурал”-аар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
ГАЗРЫН ДОРОЙТЛЫН АСУУДАЛД САУДЫН АРАБЫН ХААНТ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Даян дэлхийн газрын доройтлын санаачилгыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрх Дорнодын улс орнууд нэгдсээр байна. Саудын Арабын Хаант Улсын хувьд НҮБ Цөлжилтийн конвенцын талуудын XVI бага хурлыг 2024 онд өөрийн орондоо зохион байгуулах бөгөөд Монгол Улс 2026 онд НҮБ Цөлжилтийн талуудын XVII бага хурлыг зохион байгуулна.
МОНГОЛЫН БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ӨГҮҮЛЭХ “БААВГАЙН ХӨНДИЙ” БАРИМТАТ КИНО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Олон Улсын кино наадмуудаас 20 гаруй цом, шагнал хүртээд байгаа “Баавгайн хөндий” баримт киноны нээлтийг албан ёсоор эх орондоо хийв. Францын найруулагч Хамид Сардар-Афхами Монгол орны тухай, онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчийн тухай өгүүлсэн тус киноны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б. Бат-Эрдэнэ болон бусад хүндэт зочид оролцов.
ОРОН НУТАГ
БУЙР НУУР-МЭНЭНГИЙН ТАЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирэх онд тус аймагт Усны чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөө, төсвийг хүргүүлэн аймгийн ИТХ-ын ээлжит бус XXI хуралдаанаар 2024 оны төсөвт батлуулав. ЗГХЭГ-с “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам, аргачлал” сэдвээр сургалтад хамрагдлаа.
ТАРВАГАТАЙН НУРУУНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Хамгаалалтын захиргааны албан хаагчид Цахирын хэсэгт янгир ямааны байршил нутагт Биотехникийн арга хэмжээ авлаа. Өвөлжилт маш хүнд байгаа тул цаашид уг арга хэмжээг Цахир сумын Баянгол багийн "Хөх уулын хишиг" байгаль хамгаалах нөхөрлөлийн ахлагч Н.Баатархүүтэй хамтарч хэрэгжүүлэхээр санал солилцов.
ОРХОНЫ ХӨНДИЙН БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Шовх хайрхан нөхөрлөлийн иргэдтэй хамтран янгир ямааны судалгааны ажлыг Уянга сумын Шуранга багын нутагт хийж гүйцэтгэсэн. Судалгаагаар 13 толгой, 24 толгой, 43 толгой, 9 толгой, бүхий 4 бодгаль Янгирын сүрэгтэй таарч Зүүн асгат, Баруун асгат гэх газар нутгуудад алсын зайнаас дурангаар ажиглалт хийж нийт 89 тоо толгой Янгир ямааны судалгаа гаргалаа. Судалгааны явцад 47 Халиун буга, улаан хад гэх газарт 4 аргаль хонь нүүдэллэн ирсэн байхыг нь ажиглалаа.
БӨӨНЦАГААН-ОРОГ НУУРЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, орон нутгийн иргэдийн байгаль орчин болон байгалийн нөөцийн салбарт дасан зохицох чадавхыг бэхжүүлэх төслийн сургалтад хамт олноороо хамрагдлаа.
ХОВД АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Ховд аймгийн “Ногоон хөгжлийн хөтөлбөр”-т нийт газар нутгийнхаа 55 хувийг тусгай хамгаалалтад хамруулах гэж заасан. Өнөөдрийн байдлаар УТХ-д 47,7 хувь, орон нутгийн тусгай хамгаалалтад 11,5 хувийг хамруулж, энэ нь нийт газар нутгийн 59,2% гэсэн үг. Аймгийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанаар Дөргөн сумын “Бөхөн” орон нутгийн тусгай хамгаалалттай газар, Дуут сумын “Тэрэгт уул, Битүүт-Алаг бодонч” орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг тус тус УТХ-тай газрын БНГ-ын ангиллаар тусгай хамгаалалтад хамруулахаар 100 хувийн саналаар дэмжигдэв.
ДЭЛГЭРМӨРӨН-ШИШХЭД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дэлгэрмөрөн, Шишхэд голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн ээлжит хурал боллоо. Уг хурал нь зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах, орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах зорилготой. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг сав газрын усны менежментэд тусган хэрэгжүүлэх, удаан хугацаагаар хуурай байх жилүүдийн уур амьсгалын онцлог, Дэлгэрмөрөн, Шишхэд голуудын ус зүйн онцлог, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мөрдөх зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачдтай санал солилцов.
ХАРАА-ЕРӨӨ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг тогтоох, санал боловсруулах ажлаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд ажиллалаа. 2023 онд гаргасан хаягдал усны дүгнэлт, судалгааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хүргүүлэв.
СЭЛЭНГЭ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Сэлэнгэ аймгийн Хушаат сумын БОХУБ, багийн Засаг дарга нарт Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм болон бүс тогтоохтой холбоотойгоор хамгаалалтын бүсэд орсон ААН, иргэдээс авах санал асуулгын талаар зөвлөмж, мэдээлэл өглөө.
ХАНУЙ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Хан-Өндөр багийн “Бөөрөг цагаан нуурыг сэргээх” ажлыг “Аригшин” ХХК гүйцэтгэсэн. Гүйцэтгэлийг хүлээн авах ажлыг Усны газар,
Хануй голын сав газрын захиргаа, “Аригшин” ХХК, Архангай аймгийн ГХБХБГ, Эрдэнэмандал сумын ЗДТГ хамтран зохион байгуулж ажиллалаа.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Баян - Өлгий аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор хяналт шалгалт хийж Алтанцөгц, Баяннуур, Цагаан Нуур, Ногоон нуур, Улаан хус, Цэнгэл, Сагсай сумуудад ажиллалаа. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл буюу Германы KFW банкны санхүүжилтээр тус сумуудын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарт 4 улирлын дүрэмт хувцас болон хээр судалгаанд ашиглах гар утас гардуулан өгөв.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Тус газрын ойн асуудал хариуцсан мэргэжилтэн У.Мөнхзул “Од” цогцолбор сургуулийн 4-р ангийн 4 бүлэг, 50 сурагчдад “Ойн модны тухай ойлголт, түүний ач холбогдлын талаар мэдлэг олгох” 4 цагийн сургалтыг зохион байгууллаа.
ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Завхан аймгийн сумдад 2023 онд хийгдсэн инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг Тэлмэн сумын Шургах багийн Дээд шургах, Завханмандал сумын Олон түрүү багийн Дөрөө, Түдэвтэй сумны Аргалант багийн Мод толгой, Дөрвөлжин сумын Таван толгой багийн Ар сайхан, Цагаанхайрхан сумын Онц багийн Нарийн хөндий, Цагаанчулуут сумын Жавцаг багийн Хайрханы ар, Шилүүстэй сумын Хөгжил багийн Чавганцын дэл зэрэг газруудад худаг гаргав.
ХЯРГАС НУУР - ЗАВХАН ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Завхан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий компаниудын 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үнэлж дүгнэхээр холбогдох байгууллагуудтай хамтран “Шувуу хар уул” ХХК, "Форс голд майнинг” ХХК, "Баян-Айраг эксплоейшин" ХХК-ны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг үнэлж, дүгнэх ажлыг хийж ус ашиглалтын тайлан болон мониторинг мэдээг авч дүгнэлээ.
ОРХОН - ЧУЛУУТ ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
Усны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 22 дугаар зүйлийн 22.7, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, "АЛСЫН ХАРАА-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого 6.1.4, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр 5.1.6-д заасны дагуу Чулуут голын урсац бүрэлдэх эхэд хамаарах 321506,4 га газрыг орон нутгийн хамгаалалтад авах саналыг аймгийн ИТХ-д оруулж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Архангай аймгийн ИТХ-ын 15-р хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдлээ.
МӨНХХАЙРХАНЫ БЦГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Орчны бүсийн сум, баг, хилийн боомтын удирдлага, холбогдох мэргэжилтэн, ЕБС-ийн эко кабинет, клубийн багш, сурагчидтай уулзаж хамгаалалтын захиргаанаас хийсэн ажлаа танилцуулах, цаашид хамтарч хийх ажлаа төлөвлөв. Улс орон даяар болж байгаа мал тооллогын ажилд сум, сумын байгаль хамгаалагч нар хамтран ажиллаж байна.
ДАРХАН ЦААЗАТ ГАЗРУУДЫН ДОРНОД ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тосон-Хулстай БНГ-т орших Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн ИТХ-д байгаль хамгаалагч Г.Пүрэвсүх оролцож, ТХГН-ийн талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулж ажиллалаа. Өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбоотой Тосон-Хулстайн БНГ-ын Сүмбэрийн шүүт нуурт шүү авах иргэдэд хяналт тавих хамтран ажиллахаар боллоо. Ингэснээр малын сэг зэм, хог хаягдал үүсэхгүй байх, хулгайн ангаас урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээ авах юм.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа жуулчны бааз болон малчдыг хамруулсан “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар иргэд, малчид өөрсдийн үйл ажиллагааг аль шатанд явж байгаа, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрхэн бий болгох, боломж, сул талыг багаараа хэлэлцэн, үнэлэв.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
“Бөмбөрцөгийн Сүмбэ” хүүхдийн байгууллагатай хамтран Сүмбэр сумын 2-р сургуулийн сурагчид, Политехникийн коллежийн гагнуур, цахилгаан, ойжуулалтын ангийн оюутнуудад сургалт зохион байгуулав. Сургалтаар хаягдал зайг дахин ашиглаж, өөрийн хэрэгцээний цахилгаан хэрэгслийг урт удаан ашиглах шинэ санаа, инновацыг сурталчилсан бөгөөд өөрсдөө гардан хийж, туршлаа.
УВС АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Увс аймгийн Улаангом сумын 7-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 120 гаруй хүүхдүүдэд “Байгалиа хайрлая” сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар цэцэрлэгийн багачуудад мод тарих, модыг арчлан хамгаалах, тасалгааны цэцгийг хайрлах, хог хаягдлаа хэрхэн ангилах, хогоо хогийн саванд хийж хэвших, ан амьтнаа хайрлах, усаа гамнах, хэмнэх гэсэн 4 агуулгаар мэдээллийг өглөө.
АЛТАЙН ӨВӨР ГОВИЙН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
2023 онд Өмнөговь аймгийн хэмжээнд Бэлчээр усжуулалтын 2-р аяны хүрээнд отрын бүс нутаг болон шаардлагатай газарт шинээр худаг гаргах, засварлах ажлыг хийж хэрэгжүүлсэн бөгөөд Сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн ажлын гүйцэтгэлийг хүлээн авах ажлын хэсэгт орж 4 удаагийн хяналт хийж хамтран ажиллалаа.
УЛААН ТАЙГЫН УТХГ-ЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
Тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэн орж зөвшөөрөлгүй ан агнах зорилготой, буу үүрч явсан 3 иргэний зөрчлийг илрүүлж зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэлээ. Мөн хууль бус мод бэлтгэл, хууль бусаар зэрлэг гахай агнах зэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтаар тогтмол ажиллаж байна.
ДУНДГОВЬ АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт дүгнэх ажлыг Дэлгэрхангай, Баянжаргалан сумдад зохион байгуулж байна.
ХАР НУУР - ХОВД ГОЛЫН САВ ГАЗРЫН ЗАХИРГАА
• “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-тэй хамтран Буянт голын зуслангийн бүсэд иргэд дур мэдэн бий болгосон 33 нүхэн жорлонг буулгаж, ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа.
• МУИС-ийн Ховд дахь салбар сургуультай хамтран “СУДАЛГАА БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ”-2023 эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Нийт 16 оюутан өөрсдийн судалгааны ажлын үр дүнгийн талаар илтгэл хэлэлцүүлэв.
АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БНСУ-ын хөрөнгө оруулалтаар АНУ-д үйлдвэрлэсэн -55…+85С хэмийн орчинд ажиллах зориулалттай цаг уурын автомат станцын даталоггерыг модём, JPS болон нарны панелаар цэнэглэх батарейг иж бүрдлээр нь Архангай аймгийн Эрдэнэбулган, Хангай, Цахир, Өндөр-Улаан, Хотонт, Хашаат, Булган, Батцэнгэл, Хайрхан, Жаргалант, Цэцэрлэг сумдад амжилттай суурилуулаад байна.