Эмч, сувилагчийг чадавхижуулахад хамтран ажиллахыг хүслээ
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Элчин сайд Зафер Атеш Монголд томилогдож ирээд хоёр жил болж байгаа бөгөөд манай улсын талаар харьцангуй ойлголт сайтай болсон нэгэн юм. Манай хоёр улсын хамтын ажиллагаа 1969 оноос эхлэлтэй ч түүх соёлоороо хэдэн зуунаар яригдах холбоо харилцаатай. Сүүлийн жилүүдэд найрсаг хамтын ажиллагаа улам тэлж, аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэж, хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн ч ихсэж, тус улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар очих монгол иргэд ч цөөнгүй болсон.
2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг байгуулж БНТУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх зэрэг нийгмийн баталгаагаа хангах боломж бүрдсэн юм. БНТУ-ын Засгийн газраас Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ТИКА-аар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөгжлийн болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэг туслалцаа харамгүй үзүүлж ирсэн бөгөөд манай хоёр улсын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байгаа юм.