2023.05.18
Г.Мөнхцэцэг: Соёл урлагийн салбарын ажилчдын амыг цалин нэмнэ гэсэн ганц үгээр хааж болохгүй
УИХ-ын чуулганы /2023.05.18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:
Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хоёр асуулт асууя. Бид 2021 онд Соёлын тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан. Хууль хэрэгжээд хоёр жил гаруй болж байна. Хуулийн онцлох зүйл заалт үйлчлэл нь соёл, урлагийн байгууллагад ажиллаж байгаа албан хаагч, ажиллагсдын 5 жилд олгодог мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлыг зохицуулах заалт орсон. Мөн соёл, урлагийн байгууллагууд давсан орлогоороо санхжүүдэг, шинэ уран бүтээлээ туурвих бололцоо, нөхцлийг нээж өгсөн том заалт, зүйлүүдийг тусгаж өгснөөөрөө уг хуулийн амин сүнс оршиж байгаа гэж бодсон.
Гэтэл өнөөдөр соёл, урлагийн байгууллагуудын ажилтнууд тэсэхгүйгээр тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Цалинг чинь нэмнэ гээд нэг үгээр хааж болохгүй. 2025-2026 төсвийн төсөөлөл дотор соёл, урлагийн байгууллагын ажилчдын цалинг ямар шаталбараар нэмж, ямар түвшинд хүрнэ гэсэн тооцоолол хийсэн бэ?
Боловсролын багц хууль шинэчлэгдэх гээд хэлэлцэгдээд явж буй. Энэ хууль хэрэгжих хөрс суурь нь яах аргагүй эдийн засгаа дэмжих хөшүүрэг байгаа юм. Багш, ажилчдын цалин, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлууд хуульд тусаж, яригдаж байгаа. Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг сайжруулна гэж олон жил ярьдаг. Гэтэл соёл урлаг, боловсролын салбарт дуусаагүй барилга, байгууламжууд маш олон байна. Энэ асуудлыг 2024 он гэхэд дуусгаж барах уу? Ямар тооцоо, судалгаа хийсэн бэ. Улсын хэмжээнд хэчнээн барилга, байгууламж байна. Барилгын ажил нь царцчихсан барилга хөдөө орон нутагт их бий. Үүнийг хэзээ дуусгах вэ?
Соёлын аялал жуулчлалыг сэдэлжүүлнэ, зураг төлөвлөлтийг хийнэ гээд ярьж байгаа. Аялал жуулчлалыг маш ихээр татаж байж улс орны эдийн засагт дорвитой өөрчлөлт гарна. Үүнд мөнгө шаардагдах ажлууд бий. Мөнгө шаардахгүй ажлууд ч бий. Энэ талын хөрөнгийг хэрхэн шийдэж байгаа вэ? Ялангуяа соёлын аялал жуулчлалыг хийхэд бүсчилсэн байдлаар хөгжүүлнэ гээд ярьдаг. Үүн дээр ямар төсвийн төсөөлөл хийсэн бэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.