2023.05.18

Ц.Туваан: Төсвийн хүрээний мэдэгдэл нь үнийн өсөлт, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн тусах вэ?

УИХ-ын чуулганы /2023,05,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд багууд руу очиж малчид, тариаланчидтай ойроос ажиллаад ирлээ. Ард иргэд маш их бухимдалтай байна. Маш олон зүйлийг захиж хэлж байна. Хүнд хавар болж буйтай холбоотойгоор төл малын хоргодол их байна. Үүнтэй зэрэгцээд өвс, тэжээл, хивгийн үнэ тэнгэрт хадсан. Дээрээс нь арьс шир авах газар байхгүйн улмаас үнэгүйдсэн. Хүнсний ногооны урамшуулал авахад НӨАТ-ын татвар, бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд их байна гэх.

Үүний сацуу Хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой хөтөлбөрийн зээл анхан шатандаа иргэдэд хүрч чадахгүй байна.

ҮХНӨ-ийн хүрээнд УИХ-ын гишүүдийг 152 болгох нь асуудал биш байна. Хамгийн гол нь үнийн өсөлт, цалин тэтгэврийн хүрэлцээгүй байдал иргэдийг бухимдуулж байна. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэл маань, үнийн өсөлт, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал дээр хэрхэн чиглэж байна вэ?

Үүний дараагаар хүүхдийн мөнгө. Энэ асуудлаа хэзээ хэрхэн шийдэх вэ? Цалин тэтгэврийн ялгамжтай байдал, иргэдийг маш ихээр бухимдуулж байна. Энэ байдлыг арилгах бодлого төсвийн хүрээний мэдэгдэл дээр хэрхэн орж ирж байна? НДШ-ийн багц хууль орж ирсэн. Энэ хуулийн хүрээнд ойролцоогоор 1,4 их наядын хууль батлагдаад л бол шууд шаардагдах зардал байх шиг байгаа юм. Энэ мөнгийг хэрхэн тусгаж байна вэ? Сургууль цэцэрлэгийн үдийн цай, дотуур байрны хоолны мөнгөний асуудал дээр хэрхэн ажиллах вэ.

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө