2023.05.18
Б.Баттөмөр: 2024 оны эдийн засагт инфляц, дефолтын эрсдэл бий
УИХ-ын чуулганы /2023,05,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Манай эдийн засаг хоёр хөршөөс хамааралтай. БНХАУ-ын эдийн засаг 2024 онд 5%, ОХУ-ын эдийн засаг 2.2%, АНУ 1, Европын холбоо 1,6 гэсэн тооцооллыг олон улсын Валютын сангаас гаргасан. Дэлхийн эдийн засагт гарч байгаа эерэг нөлөөнөөс хамаараад түүхий эд экспортолдог манай улсын хувьд эерэг нөлөө гарах нь ээ. Монгол Улсын эдийн засаг 2024 онд 6,5% байх нь. Энэ бол өндөр өсөлт. БНХАУ-д ийм өсөлт гарч байгаа. Харамсалтай нь манай энэ өсөлтүүд нэмэгдсэн өртөг дээр суурилдаггүй, дандаа үнийн өсөлтөөр илэрхийлэгдээд байгаа юм. Эдийн засгийн хүртээмж, өгөөмж нь улс болон ард түмэнд байдаггүй.
2024 оны эдийн засагт олон эрсдэл бий. Эдгээрээс хоёр том эрсдэл байгаа нь инфляц, дефолт. Дефолтоос бүрэн гараагүй байгаа шүү. Үүнийг хэлэх нь зүйтэй. Эдийн засгийн өсөлт дөрөвдүгээр сард 7,9 байгаагаас 5,3 нь уул уурхайтай холбоотой. 2,6 хувийн өсөлт нь уул уурхайн бус. Гэхдээ уул уурхайгаас хамаарч өсөж буй. Бүтээмж 0. Өрхийн орлого эхний 4 сарын байдлаар 3,9 хувиар буурчихлаа. Эдийн засаг таагүй байна.
Эдийн засгийн өсөлтийг 6,5% гэсэн. Энэ өсөлтийн хэдэн хувь нь уул уурхайтай хамаарч байна, хэдэн хувь нь уул уурхайн бус байна, бүтээмжийн өсөлт нь хэд байна вэ? Эдийн засгийн өсөлтийн мөн чанар бол ард түмнийхээ сайн сайхны төлөө байдаг. Манайд энэ мөн чанар ямар байдалтай байна вэ?
Төсвийн орлого нэлээн сайн даваад биелээд яваад байдаг. Өөрөөр хэлбэл төсвийн тэнцвэржүүлсэн орлого эхний дөрвөн сард 1,1 их наядаар ашигтай гарчихлаа. Өнгөрсөн оны энэ үеэс 1,9 их наядаар давчихсан. Энэ бол Эрдэнэс Тавантолгойд гарсан өөрчлөлтөөс шалтгаалж байгаа. Баялагийн менежментээ зөв хийсэнтэй холбоотой. 2023 оны эхний дөрвөн сард төсвийн орлого 7,1 их наяд, 2023 оны хүлээж байгаа гүйцэтгэл 1,3-22 их наяд төгрөг болохоор байгаа юм. Гэтэл 2024 оны төсвийн хүрээний мэдэлд 21 гээд хүлээж байгаа гүйцэтгэлээсээ бууруулж оруулж ирж байна. Эхний 4 сарын байдлаар үндсэндээ 20-иод сая нүүрс экспортолсон. Энэ гүйцэтгэлээр цаашаа явбал оны эцэст 60 гаруй сая тонныг экспортлох боломж гарч ирж байна шүү дээ. Гэтэл 50 сая гэж байх юм. Яагаад байгаа боломжоосоо дутуу төлөвлөж оруулж ирж байна вэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.