Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
2022.12.26

Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Казиногийн тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Тус хуульд:

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, казино төвтэй аялал жуулчлал, түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзсэн тул тус хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн зорилтод казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг зохицуулахаар тусгасан. 

Гэхдээ казиногийн тусгай зөвшөөрөл олгох нь мөрийтэй тоглоомыг зайнаас буюу цахимаар зохион байгуулах эрх олгохгүй бөгөөд нийгмийн дэг журмыг хамгаалах үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэрт казиногийн үйл ажиллагааг зайнаас зохион байгуулахыг хориглохоор тусгасан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

Тэрбээр, хуулийн төсөлд Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Тухайлбал казино эрхлэгч нь казиногийн байгууламж барих, үйл ажиллагаа эрхлэхэд зориулсан 300 сая америк доллартай тэнцэх хэмжээний төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл авснаас хойш гурван жилийн дотор Монгол Улсад оруулахаар, олон улсын стандарт, шаардлагад нийцсэн дэд бүтэцтэй соёл амралтын цогцолборыг байгуулахаар тусгасан бөгөөд төсөл сонгон шалгаруулалтыг үнэлэхдээ үнийн саналыг 60 хувь, казиногийн цогцолбор барих төслийн техникийн саналыг 40 хувь гэж үнэлэхээр тусгаж, тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах, үнэлэх журмыг Засгийн газар батлахаар тусгав.

Харин ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт оруулах шаардлага тавьсан тул энэ төрлийн бизнес эрхлэх тогтвортой байдлыг хангах үүднээс Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд казиногийн цогцолбор барьж, казиногийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан компанид, Зөвлөлийн саналыг үндэслэн 30 жилийн хугацаагаар Засгийн газар олгохоор, хууль тогтоомжийг мөрдөж ажилласан бол энэхүү хугацааг 10 жилээр сунгахаар тусгалаа.

Казино эрхлэгч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, үүргээ зөрчиж, Зөвлөлөөс өгсөн албан шаардлагыг хугацаанд нь биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, дээрх хугацаанд зөрчлийг арилгаагүй нь тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болохоор тусгасан. Харин дотоод мэдээллийг ашиглан хожих, албан үүрэгтэй нь хамааралгүй шалтгаанаар Монгол Улсын иргэнийг казиногийн байгууламжид нэвтрүүлэх, тоглуулахыг ноцтой зөрчилд тооцохоор зааж дээрх зөрчлийг гаргасан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тусгалаа. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон бол казино эрхлэгч хувьцааныхаа 50 хувийг Засгийн газарт үнэ төлбөргүй шилжүүлэхээр тусгасан.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар казиногийн үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгох эрх зүйн орчин бүрдэх бөгөөд ингэснээр аялал жуулчлалын томоохон цогцолбор бий болж, Монгол Улсын төсөвт төвлөрөх татварын орлого нэмэгдэж, аялал жуулчлалын салбар болон түүнийг дагасан худалдаа, үйлчилгээ хөгжиж, ажлын байр нэмэгдэн улс орны эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулна хэмээн үзэж байна гэлээ.

Уг хуулийн төслийг Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулах юм байна.