Казиногийн 85 хувь нь үйлчилгээ, 15 хувь нь тоглоомын чиглэлээр байгуулагдана
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хуулийн төслийн илтгэлийг БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Байнгын хорооны дүгнэлтийг Р.Гончигдорж нар хийлээ.
Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр бий болгох, аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор казиногийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бий болгох шаардлага тулгарч буй ажээ. Манай улс аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр дэлхийн 140 орноос 99, Ази, номхон далайн 25 орноос 19-д эрэмбэлэгдсэн бөгөөд 2013 онд Монгол Улсад нийт 417.0 мянга гаруй жуулчин аялж, энэ салбарын орлого 263.0 сая ам.долларт хүрч, аялал жуулчлалын салбарын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 5.29 хувийг бүрдүүлэх болжээ.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг хязгаарлаж байгаа асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувийг бүрдүүлэх, жуулчны тоог хоёр саяд хүргэх зэрэг зорилт тавьж байгаа аж. Тиймээс энэ салбарын хөгжлийг эрчимжүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр казиногийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг бүрдүүлж, цаашид хөгжүүлэх шаардлагатай учраас ийнхүү хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Гишүүд хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж байна.
Л.Болд: Энэ хуулийн төсөл очер дайрч орж ирж байна. Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Өв сангийн тухай хуулийг Казиногийн хуулиас өмнө хэлэлцэх ёстой. Өнөөдөр тэтгэвэр тэтгэмжийн асуудал ямар байгаа билээ. Гэтэл энэхүү хуулийг хэлэлцэж байгаа нь ямар учиртай юм бэ. Энэ хуулийг чуулганы танхимд ярьдаг асуудал биш. Хэлэлцэхийг эсэргүүцэж байна.
Д.Оюунхорол: Энэ хуулийг Монгол Улсын Засгийн газар өргөн барьсан. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэрэг дэх зөвлөл хэлэлцэх оруулж ирдэг. Л.Болд та сайд байхдаа эдийн засаг ядуурлыг бууруулах, тэтгэврээ нэмэх асуудлыг хийхгүй яасан юм бэ. Бид өнөөдөр ажил хийх гээд ноцолдож байна. Тиймээс асуудлаа бодитой ярьж, эдийн засгаа солонгоруулах үүднээс хуулийн төслийг оруулж ирсэн. Харин С.Эрдэнэ сайд биеийн байдал муу учраас тэтгэврийн асуудлыг хойшлуулсан гэсэн.
О.Баасанхүү: 10 жилийн хугацаатай лицензийг 34 тэрбумаар өгөх юм байна. Яг хаана энэхүү казиног байгуулах юм бэ. Эдийн засгийн чөлөөт бүсэд байгуулахгүй байх тухай асуудлыг ярьж байсан. Тэгвэл Улаанбаатар хотын төвд байгуулах гээд байгаа юм уу. Үүнээс гадна казино байгуулж, аялал жуулчлалын салбарыг дэмжихээр болж. Тэгэхээр жуулчдын тоог хэчнээнээр нэмэгдүүлэх юм бэ. Мөн хоёр компанид зориулсан хууль гарах тухай ойлголт байна. Казино бол хар бизнес.
Д.Оюунхорол: Хуулийн төсөлд олон улсын жишигт нийцсэн казино байгуулах тухай тусгасан. Өмнө нь буудал болгоны дор рулет тоглуулу, олон айлын амьдралд сөргөөр нөлөөлсөн учир үүнийг давтахгүй байх хуулийн төслийг төсөөлж оруулж ирсэн. Харин босго мөнгө нь 35 тэрбум гэж оруулж ирснийг хэлэлцүүлгийн шатанд өөрчилж болно. Харин хаана байгуулах вэ гэдгээ одоогоор тогтоогүй байна. Казино гэдэг нь маш өндөр харуул хамгаалалтын дор үйл ажиллагаа явуулдаг учраас гэмт хэрэг гарах магдлал бага.
Я.Содбаатар: Өмнөх Засгийн газрын үед боловсруулагдаж, орж ирсэн хууль гэж бодож байна. Тиймээс гурван чигэлэлийн асуулт асуумаар байна. Нэгдүгээрт, гадна дотны судалгаатай хэр уяалдсан бэ. Хоёрт, яагаад хоёрхон аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгөхдөө төрийн бүтцийн хэмжээнд орон тоо бий болгох гээд байна. Энэ нь ямар учиртай юм бэ. Гуравдугаарт автомат тоглоом рулет их тоглогдож байна. Энэ хаанаас зөвшөөрөл аваад байгаа юм бэ.
Д.Оюунхорол: Казиногийн хууль өмнөх Засгийн газрын үед боловсруулагдаж, одоогийн засгийн үед УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн төслийг бусад улсын энэ төрлийн хуулийн төсөлтэй харьцуулж судалсан. Харин хоёр гэсэн тоог гишүүд цөөлж болно. Мөн нэмж болно. Энэ та нарын эрх. Казиногийн 85 хувь нь үйлчилгээ 15 хувь нь тоглоомын чиглэлээр байгуулагдана. Үүнийг дагаад маш их ажлын байр нэмэгдэнэ. Мөн татвар ч нэмэгдэх юм. Бүх улс оронд казиногийн үйл ажиллагаа орох орлого нь маш том хяналтанд явагддаг юм байна. Тиймээс энэ загвараар орж ирсэн.
Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл: Тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 2008 оноос рулет тоглоомын зөвшөөрлийг өгөөгүй. Харин рулет тоглоом тоглож байгаа бол албан бус мэдээлэл байна гэж бодож байна. Чуулганы хуралдаан үргэлжилж, гишүүд асуулт асууж, хариулт авч байна.