Хэн юу хэлэв ?
Казиногийн тухай хууль
2015.02.06

Хэн юу хэлэв ?

Казиногийн тухай хуулийн талаар гишүүд ямар байр суурьтай байна вэ.

Ч.Улаан: Казино аймшиг биш дагалдах үр дагавар нь аймшиг 

Сангийн сайдын албан тушаалаа өгснөөс хойш сэтгүүлчдэд ам нээж, УИХ-ын гаргаж буй буруу зөрүү шийдвэрийг эсэргүүцэж байгаа УИХ-ын гишүүн Ч.Улаан өрийн босгыг ДНБ-ий 53.8-аас хэтрүүлэхгүй байхаар баталсан УИХ-ын шийдвэрт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.

Үүнийгээ ч олон удаа хэвлэлээр илэрхийлэв. Эрхэм гишүүний үзэж буйгаар бол өрийн босгыг хэзээ ч тэр хэмжээнд барих боломжгүй бөгөөд олон улсын санхүүжилт, зээл аваад ирэхээр энэ хэмжээнд хатуу барих ямар ч боломжгүй гэж үзсэн байна. 

Тэрбээр “Анхнаасаа 58.3 хувийг батлахад би хэлж л байсан. Энэ чинь өөрчлөгдөнө, байнгын хөдөлгөөнд байдаг үзүүлэлт. Дээрээс нь зайлшгүй авч ашиглах ёстой урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн тусламж авах асуудал энэ тооцоонд чинь орсонгүй. Тийм учраас энэ асуудал ул суурьтай хандаач. Засгийн газрын тооцоо үндэслэлийг харгалзаж үзээч гэж удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. 

58.3 хувь гэдэг өөрчлөгдөнө. Яагаад гэвэл 2015 онд Засгийн газрын гаргах дотоод бондын тооцоонд оруулсан үзүүлэлт. Түүнээс биш бусад үзүүлэлт нь ороогүй. Гэтэл УИХ нэг гараараа 58 гэж баталчихаад, нөгөө гараа өргөөд 58-ыг нэмэгдүүлэх шийдвэр хамт гаргачихсан шүү дээ. Төсвийг дагалдаж гарч байгаа тогтоол дотроо хөрөнгө оруулалтын санхүүжилтийг виксел гаргах замаар хэрэгжүүлээрэй гээд заагаад өгчихсөн. 

Виксел гэдэг чинь зээл гэсэн үг шүү дээ. Нэг жилийн хугацаатай олгогддог. Энэ викселийг гаргаад санхүүжилт хийгдчихээр 58.3 хувь өөрөө автоматаар нэмэгдэнэ. Энэ бол хоорондоо зөрчилтэй гарсан шийдвэр” хэмээн УИХ-ын гаргасан шийдвэрийг эсэргүүцсэн байна.

Түүнчлэн, Шийдлийн гэгдэх Засгийн газраас оруулж ирэх Казиногийн хуулийн талаар шүүмжлэлтэй ханддаг гэдгээ ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Ч.Улаан гишүүн хэлэхдээ “Эдийн засагч, санхүүч хүн олон нийтэд таалагддаггүй арга хэмжээг дэмждэг. 

Жишээ нь архи, тамхины борлуултыг санхүүчид, төсвийнхөн тэгж их буруушаахгүй. Төсөвт тодорхой орлого оруулдаг учраас дэмждэг. Казиног зөв зохион байгуулж чадвал эдийн засаг санхүүд өгөөжтэй. Энэ утгаар нь би дэмждэг. Гарч байгаа үр дагаврыг нь яаж бага байлгах вэ гэдэг асуудал дээр нухацтай хандаж, оновчтой шийдвэр гаргах ёстой.

Түүнээс биш казино гэдэг нь өөрөө аймшиг биш, дагалдаж бий болж байгаа үр дагавар нь аймшиг байхгүй юу” хэмээн ярьсан байна. Түүнийг Сангийн сайд болж амаа таглуулснаас УИХ-ын гишүүдийн буруу зөрүү шийдвэрт шүүмжлэлтэй хандаж явсан нь зөв гэж үздэг хүмүүс цөөнгүй билээ. 

Д.Батцогт: Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдах нь зөв 

УИХ-д анхаарал татсан хуулийн нэг ньЭдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл. Гишүүдээс гадна нийгмээс магтаал сайшаал шүүмжлэл сонсч буй уг хуулиар өнгөрөгч долоо хоногт олон гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл эдгээр гишүүд дотроос УИХ-ын гишүүн Д.Батцогтын илэрхийлсэн байр суурь энэ хууль яагаад гарах ёстой вэ гэдэг өнцгийг илүүтэй товойлгосон учраас онцлохыг хүслээ. 

Д.Батцогт гишүүний хувьд энэ хуулийг батлах нь зөв гэж үзэж байгаа гишүүдийн нэг юм. Тэрбээр дэмжиж буй шалтгаанаа “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гишүүдийн сөрөг байр суурь их бий. Шударга татвараа төлж байгаа хэсэг нь хохирох юм уу.

Байж байгаад л өршөөлийн хууль батлаад татварын өртэй байгууллагуудыг өршөөдөг нь зөв үү гэсэн байр суурьтай иргэд маш их бий. 

Гэхдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн туршлагаас харахад татварын ямар нэгэн асуудалгүй компани их ховор гэж бодож байна. Бүгд л хоёр данстай, хоёр бланс гаргаад явж ирсэн нь нууц биш. Хууль хяналтын байгууллагууд аж ахуй нэгжүүдийг дарамталж байна гэдэг хэл ам их гарч байгаа.

Гэхдээ энэ нь эргээд нөгөө татварын өр, нуун дарагдуулснаас болоод хууль хяналтын байгууллагын хараа хяналтад их байдаг. Эдийн засгийн хямралтай үед бид баялаг бүтээгчдээ нэг удаа боломж олгох нь зүйтэй” хэмээн тодорхойлжээ. 

Лу.Болд: Нэг  том төсөлд найдах нь эрсдэлтэй

“Шинэчлэлийн” Засгийн газрын баг бүрэлдэхүүнд ажиллаж буй сайдууд “Шийдлийн” Засгийн газрыг арай буруу замаар яваад байгааг шүүмжилж эхлээд байгаа. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Лу.Болд. Гадаад харилцааны бодлогыг атгаж явсан энэ эрхэм Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа өнгөрөгч долоо хоногт өгсөн ярилцлагадаа онцолсон байв. Тэр дундаа Ч.Сайханбилэг сайд А, Б гэх хоёр зам гаргаж ард түмнээс асууж байгаад шүүмжлэлтэй хандаж хоёр биш нэг л зам гэв. 

Тэрбээр “Энэ бол хоёр  зам биш, нэг л зам. Аль аль  нь  байх ёстой. Нэг бол  өр  тавьж,  бүх асуудлыг шийдээд, ард түмэн  хараад сууж байх коммунист сэтгэлгээгээр хандаад  байдаг, эсвэл нэг том төслийг шүтчихдэг. Тэгж болдоггүй л байхгүй юу.

Нийтээрээ ажилладаг, санаачилдаг, эрх нь нээлттэй байх нийгмийн  шинэчлэлийг хийхгүй бол төр засаг зардлаа хэмнээд ч, гаднаас мөнгө олж ирээд ч бүтэхгүй. Бүтэхгүй гэдгийг  нь хангалттай харлаа шүү дээ. 

Нэг  том төсөлд  найдах  нь эрсдэлтэй. 90-ээд онд зэсийн үнэ шалдаа хүртлээ буусан шиг байдал бий болчихвол яах вэ. Хамгийн чухал нь аль болох олон компани, хүмүүс санаачилга гаргадаг, тэдний эрхийг төр нь баталгаажуулж өгдөг, иргэд нь хөрөнгө өмчтэй болж байж улс орон урагшилна. 

Тэгэхгүйгээр зүгээр л  “А”,  “Б” гэсэн зам гаргах  нь оновчтой биш” хэмээн ярьжээ. Түүнээс гадна сайдууд очихдоо сайдын хүн гэх шалтгаанаар төрийн албанд баахан хүмүүс шахсан, төрийн албан хаагчдыг халсан асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, хариуцлага тооцох асуудлыг тун удахгүй хөндөнө гэдгээ энэ үеэр ярьжээ.