Казиногийн тухай хэн юу гэж хэлэв ?
УИХ-ын чуулганы 04 сарын 10-ны хуралдаанаар Казиногийн тухай хуулийг хэлэлцлээ
2015.04.10

Казиногийн тухай хэн юу гэж хэлэв ?

УИХ-ын хурлын өнгөрсөн баасан гаригын хуралдаанаар нийгмийн дунд нэлээд шүүмжлэлтэй байгаа Казиногийн хуулийг хэлэлцсэн. Хоёр өдрийн өмнөх Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон.

Гэхдээ жагсаалт ёсоор "Тэтгэвэрийн шинэчлэлийн бодлого" болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Ирээдүй өв сан”-ийн тухай хуулийн хэлэлцэх ёстой байсан ч ингэж дараалал алдагдуулж байгааг зарим гишүүд шүүмжилж байлаа.

Казино байгуулах шалтгааныг  дотоодын эдийн засгаа солонгоруулах, Аялал жуулчлалаа хөгжүүлж гадаад валютын урсгалыг багасгах зорилготой гэж санаачлагчид хэлсэн. Ингээд та бүхэндээ чуулганы үеэр хэлсэн гишүүдийн онцлох байр суурийг дүрс бичлэгтэй нь хамт хүргэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хэрээ хэрээний харыг гайхав гэгчээр нэг засагт орчихоод нэг нэгнээ хэмлээд яах вэ. Та нар МАНАН-ийн онигоог олон нийтэд дэлгээд хэрэггүй ш дээ. Надад нэг асуулт байна. Арван жилийн хугацаатай лицензийг 34 тэрбумаар өглөө гэж бодоход хэдэн жилийн дотор барилга нь баригдаж дуусах юм. 34 тэрбумаа өгчихөөд компани нь арван жилдээ ашигаа олно гэж бодвол эдгээр казиногоо хаана барих вэ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Ер нь эдийн засгийн агуулгатай хууль ороод ирэхээр 76 гишүүн нэг нэгнээ хардаж, улстөр хийж улстөрчийнхөө рейтинг өсгөх гэсэн янз бүрийн асуулдлаа гаргадагаа цэглэх хэрэгтэй. Үнэхээр хар хэрээ гэж хэлээд байгаа бол энд сууж байгаа 76 гишүүн чинь бүгдээрээ л хэрээ. Засгийн газарт нь бүх намууд нь хамтраад орчихсон ийм засаг ажиллаж байгаа ш дээ

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголд байгуулах гэж буй Казино, бидний хэлэлцэж байгаа Казиногийн тухай хууль Дэлхийд хамгийн сайн жишээг давтсан хууль байгаасай гэж хүсэж байна. Мэдээж Засгийн газраас хуулийг өргөн барихдаа тодорхой судалгаа хийсэн байх л даа. Тэгэхээр хамгийн сайн жишээтэй ямар улс вэ, эсрэгээр хамгийн муу нь ямар улс вэ гэдгийг хэлж өгнө үү.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Анхнаас бараан, саарал болгодог гэсэн шүүмж байна. Миний хувьд эхлээд сөрөг зүйлийг нь ярих ёстой. Манай хууль хяналтын систем шүүх, прокурор нь шударга байсан бол шууд дэмжлээ. Өмнө нь хичнээн татвар төлөгчдийн мөнгийн казинод тавиад тууллаа. Хичнээн улстөрч, банкны ажилтнууд хэрэг төвөгт орж байлаа. Тэгээд хамгийн сүүлд нь юу боллоо. Тиймээс казино байгуулах цаг үе нь болоогүй гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Үзээгүй хараагүй бол очиж үзэх хэрэгтэй. Монгол улсын эдийн засаг, бүтцийг хараад байхад ХАА болон Уул уурхайн салбарууд байх шиг байна. Экспорт, төсвийн орлого нь түүнээс болж байнга хэлбэлзэлж байдаг. Нөгөө талдаа аялал жуулчлалын салбар байгаа. ДНБ-ийн зургаан орчим хувийг эзэлж байна.

УИХ-ын гишүүн О.Содбилэг: Бид хэлэлцэж байгаа асуудлаа хэм хэмжээ, логиктой ярьмаар байна. Казино л гэхээр хүн алдаг, биеэ үнэлдэг байдлаар яригдаад байхын. Миний ойлгож байгаагаар 1998 оны Казиногийн гэдэг хэрэг чинь байгуулна гээд ял аваагүй биздээ. Харин хуулийг нь хэлэлцэж байх үедээ авилгын асуудалд оролцсон гэдгээр хэрэг гарсан гэж ойлгодог.

Ямартай ч хуулийг цаашдаа хэлэлцэх ойлгомжтой. Гэхдээ хамгийн гол нь хэн нэгний лобби байв уу эсвэл үнэхээр эдийн засгаа солонгоруулахын төлөө авч байгаа арга хэмээ юу гэдгийг цаг хугацаа л харуулна. Эцсийн шийдвэрийг тэд л гаргах учраас харж л байя.