2022.06.17
С.Бямбацогт: Өнгөрсөн жилийн наадмын уяач, харваачид цолоо авсан бол бөхчүүд аваагүй
УИХ-ын /2022,06,17/-ны өдрийн чуулганаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн C.Бямбацогт:
Монголын үндэсний бөхийн холбоо, Монгол улсын Засгийн газар өнгөрсөн жил наадмаа таслахгүй, бөхөө барилдуулна гэж зарлаад, бөхчүүд нь 100 жилээр барилдана гэж бэлтгэлээ хийгээд Хүй долоо худагт 512 бөх барилдсан. Үндэсний наадам болдог дэг, жаягаараа, шалгуур шаардлагаа батлаад, допингийн шинжилгээ хийгээд бөхчүүд маань барилдсан. Гол нь бөхчүүддээ цол олгоно гэж зарласан. Тийм учраас Үндэсний бөхийн холбоо зарласан учраас цолыг нь олгоё гэдэг саналыг гаргасан. Алаг үзмээргүй байна.
Өнгөрсөн жил наадмаар уралдсан морь, уяачдад цол олгосон. Сур харвасан харваачиддаа мөн олгосон. Гэтэл бөхчүүд нь цол авч чаддаггүй. Ийм ялгавартай бодлого байж болохгүй. Орж ирсэн хуулин дотор 1921 оны Ардын хувьсгалаас 2003 он хүртэлх барилдсан 70-аад бөхчүүдэд цол олгоно. 2003 оноос барилдсан бөхчүүдэд цол олгохгүй гэдэг хууль батлах гээд байна. Иймээс олговол бүгдэд нь олгоё. Яагаад 2003 оноос өмнө барилдаж байсан 70 бөхөд цол олгоно гэж яриад байна вэ? Ялгаварлахгүй байя. Аливаа хууль ижил тэгш үйлчилдэг байх ёстой.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.