2021.01.05

Ж.Бат-Эрдэнэ: Уяачдын саналыг нэгтгэж хуулийн төсөлд тусгасан болно

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны өнөөдрийн /2020/01/05/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Асуулгын хариулттай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

Бас нэг ийм үг байдаг. Хулгай хийлгэхгүй байлгахын тулд хулгай хийхгүй байх нөхцлийг бий болго. Түүнээс биш мянга яриад, зохицуулаад хулгай хийх нөхцөл арилдаггүй. Түүн шиг энэ нөхцлийг нь үгүй болгох гэж байгаа юм. Би өөрөө морь сонирхдог. Булган аймгаас сонгогдсон хөдөөний гишүүн. Хөдөө энэ асуудал оччихсон байна. Хөдөөний баг дээр морины наадмыг хийх гэж хэрэлдэж байна. Уралдаан бүрийн ард хэрүүл, зодоон, маргаантай болоод байна. 

Ноднин баяр наадмын дараа наадмын комиссын дарга нь яг морь оруулж, хасах дээр авлигал авч байгаад газар дээрээ баригдсан. Тэгэхээр энэ бол цааш нь явуулахгүй байх талаар ярих ёстой зүйл. Монгол морины хувьд Монгол нөхцөлд энэ хатуу ширүүн уур амьсгалыг даваад, энэ эдэлгээг даадаг адууг л Монгол адуу гэнэ. Сүхбаатарын адуу бол цус сэлгэмэл хийгдээд явсан адуу. Бүх аймгийн хэмжээнд Монгол адуу бүгдээрээ л адилхан байгаа. Ганцхан үүнийг сайжруулах нь өөрөө цаг хугацааны асуудал болоод байна.

Энэ хууль 2019 оны 05-р сард өргөн баригдсан асуудал. Тухайн үед яг ийм зүйл яриад хойшлуулсан. Хойшлуулаад 2019, 2020 оны Наадам болсон. Үүгээр наадмын үйл ажиллагаа өөрчлөгдөөгүй. Наадмын морьд нь хасагдаад 60 хувьтай морин уралдаан болсон. Адилхан морь унаж байгаа хүүхэд, уяачдын асуудал тэнд явагдаж байна. Үүний цаана төрийн зохион байгуулалтын алдаа дутагдал харагдаад байна. Үүнийг засахын тулд л энэ хууль орж ирсэн. Орж ирсэн саналын гол өнцөг нь ер нь уяачдын холбоонд олон холбоо байхгүй. Уяачдын холбооноос гарч ирсэн том их хурлаар орж ирсэн саналыг үндэслэн энэ хууль орж ирсэн юм.