2022.06.10
Н.Наранбаатар: Орон нутгийн өмчит компаниудыг ямар үндэслэл, шалгуураар үүсгэн байгуулах вэ
УИХ-ын чуулганы /2022.06.10/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2022.05.04/-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Орон нутагт улстөржилтийг бий болгож, хээл хахуулийг бий болгодог нь орон нутгийн өмчит компани. Энэ компаниудын ТУЗ-д улстөрчид орж байна. Жишээлбэл аймгийн ИТХ-ын төлөөлөгч нар орон нутгийн өмчит компанийн ТУЗ-д ордог. Давхар цалин, урамшуулал авна. Нийт борлуултын хэдэн хувь гэхээр 100 гаруй сая төгрөгийг нэг хүн авдаг. Гүйцэтгэх захирал төлөөлөн удирдах зөвлөлтэй гэрээ байгуулаад мөнгө авна. Ингэхээр төлөөлөн удирдах зөвлөлд орох гэж өрсөлддөг. Энд орохын тулд улстөрийн төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс орон нутгийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг шилж сонгон шалгаруулахад ямар өөрчлөлтийг оруулж өгсөн бэ.
Нөгөө асуудал нь орон нутгийн өмчит компаниудын том хэмжээний төсвийг ТУЗ-ийн 9 хүн дангаараа батлаад шийддэг. Уг нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн төсөв улсын төсөвтэй ялгаагүй байх ёстой. Хэдэн их наяд төгрөгийн төсвийг төлөөлөн удирдах зөвлөлийн хэдэн хүн дураараа шийддэг. Үүнийг яаж зохицуулах вэ. Төлөөлөн удирдах зөвлөлд орох хүнд ямар шалгуур тавих вэ? Компанийн үйл ажиллагаад яаж хяналт тавих вэ. Мөн орон нутгийн өмчит компаниудыг ямар үндэслэл, шалгуураар үүсгэн байгуулах вэ?
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.