Ирэх оны төсвийн орлогыг 17.3 их наяд байхаар тооцжээ
2022.05.19

Ирэх оны төсвийн орлогыг 17.3 их наяд байхаар тооцжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ.

Төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Төсвийн хүрээний мэдэгдлийн төсөлд 2023 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 17 их наяд 312.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 19 их наяд 219.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 36.3 хувь байхаар тусгажээ. Ингэснээр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 906.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон бөгөөд энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудтай бүрэн нийцсэн болно гэдгийг Сангийн сайд онцлов.

Хуулийн төсөлтэй хамт Өрийн удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу “Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг, өмнөх стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлангийн хамт боловсруулан өргөн барьсан байна. Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд дэвшүүлсэн зорилтот болон тоон шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилласнаар төсвийн сахилга бат сайжирч, Засгийн газрын өрийг мэдэгдэхүйц багассан үр дүнтэй байна.

Тухайлбал, 2018 оны эцсээр Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь 58.9 хувьтай тэнцэж байсан бол 2021 онд тус харьцаа 50.7 хувь болжээ. Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичиг нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, Засгийн газрын санхүүгийн хэрэгцээг боломжит эрсдэлийн түвшинд, хамгийн бага зардлаар санхүүжүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжихэд чиглэнэ гэж Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ц.Даваасүрэн, Г.Амартүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ирэх онд өрийн менежментийг хэрхэн хийх, төсвийн орлого нэмэх, зарлагаа бууруулах боломжийн талаар тодруулав.

Сангийн сайд Б.Жавхлан, "Засгийн газрын хувьд нийт өрөө бүтэн төлөх боломж байхгүй учир дахин санхүүжүүлж хугацааг хойшлуулах, хүүгийн зардлыг багасгах, мөнгөний эх үүсвэрээ харж байгаад жилдээ 200 орчим сая ам долларыг төсвөөс барагдуулж байгаа энэ стратеги ирэх жил үргэлжилнэ. Засгийн газар 2023 онд Гэрэгэ бондын 540 сая ам.доллар, Хөгжлийн банкны 730 тэрбум төгрөгийн Засгийн газрын баталгаатай Самурай бонд, Хөгжлийн банкны евро бондны 500 сая ам долларын өр төлөх ёстой.

Самурай бондыг Хөгжлийн банк төлж чадахгүйд хүрвэл Засгийн газрын эрсдэл болох учраас энэ жилээс бид Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалд анхаарч ажиллаж байна. Эхнээсээ үр дүн гарч байна. Тухайлбал, Самурай бондны чанаргүй зээлийг барагдуулах асуудалтай ажиллаад өнгөрсөн 7 хоногийн байдлаар энэ оны эхнээс 260 тэрбум төгрөг буюу гуравны нэгийг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр төлөх боломж бүрдэж байна. Уг бондны эргэн төлөгдөх хугацаа 2023 оны 12 дугаар сарын 25-нд байгаа" хэмээв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийг 3.6 хувьтай байхаар төсөөлж байгаа бол манай улс эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэнэ хэмээсний үндэслэл, тооцооллын талаар лавлаж байлаа.  

ЭЗХЯ-ны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Л.Энх-Амгалан хариултдаа, "2023 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувь байхаар тооцсон. 2023 онд хөдөө аж ахуй 4.5, уул уурхай 7.1, барилга 10 хувь, худалдааны салбарыг 5.7, татварыг 5.3 хувиар өснө гэж тооцоолсон гэв. Үндэсний статистикийн газрын дотоодын нийт бүтээгдэхүүний гүйцэтгэлийг эхний улирлын байдлаар гаргасан мэдээллийг гаргасан. Энэ гүйцэтгэл нь бидний төсөөллөөс харьцангүй эерэг үзүүлэлтэй гарсан байсан бөгөөд эхний улирлын байдлаар эдийн засгийн өсөлт -3.8 хувьтай.

Үүнд сөрөг нөлөө үзүүлсэн салбар нь уул уурхай байсан бол үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний цэвэр татвар нь эерэг нөлөө үзүүлсэн. Үүнд дотоодын хөл хориог сулруулж, эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн нь өсөлттэй гарах хандлагатай байна.  Энэ хандлага 2022-2023 онд энэ хэлбэрээр үргэлжилнэ гэж тооцсон" хэмээв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал дүгнэлтээ чуулганд танилцуулахаар тогтов.