2022.04.25

С.Чинзориг: Төлөвлөгөөт хяналтыг зогсоосноор иргэд хохирвол хариуцлагыг хэн хүлээх вэ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг (2022.03.11)-ний өдөр өргөн мэдүүлсэн.

Уг хуулийн төслийг санаачлагчид Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзсэн юм. Энэ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн билээ.

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Чинзориг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоож, зөвхөн хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй объектод хийдэг байхаар оруулж ирсэнтэй бүрэн дүүрэн санал нийлэхгүй байгаагаа хэлэлцүүлгийн явцад илэрхийллээ.

Тэрээр, Үндсэн хуулиар иргэд амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах ажиллах эрхтэй. Төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоосноор Үндсэн хуулиар иргэдэд олгосон энэхүү суурь эрх зөрчигдөх вий гэдэг болгоомжлол төрж байгаа. Иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирвол хариуцлагыг хэн хүлээх вэ. Хэдийгээр хохирол учруулсан аж ахуйн нэгж хүлээнэ гэж буй ч төрийн буруутай үйл ажиллагаанаас иргэд хохирсон бол төр хариуцна гэсэн хуулийн агуулга бий.  Тиймээс төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоосноор иргэд хохирч төр хариуцлагыг нь хүлээх асуудал гарахгүй биз.

Түүнээс гадна энэ хууль гарснаар байгаль орчинд сөргөөр нөлөөлөх байдал газар авах вий гэсэн болгоомжлол бий. Хамгийн наад зах нь гар аргаар алт олборлогчид олширч, нүүрс тээврийн машинууд маршрутаа зөрчиж хаагуур хамаагүй давхиад хөрс эвдэж, байгаль бохирдуулахад байвал, аж ахуйн нэгжүүд хаа дуртай газраа ухаж сэндийлээд нөхөн сэргээлт хийхгүй орхисон тохиолдолд хэн хариуцах вэ. Байгаль сүйдсэн ийм тохиолдолд хор хохирлыг нь арилгахад олон жил зарцуулахаас гадна хариуцлага нь төрд ирж таарна.

Энэ мэт олон эргэлзээ байгаа.

Түүнээс гадна өмнөх хэлэлцүүлгийн явцад санал нийлэхгүй байсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоосонтой холбоотойгоор иргэдийн амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгөнд хохирол гарвал шалгалт хийнэ, энэ шалгалт нь зөвлөн туслах шинжтэй байх тухай заалт хэвээрээ орж ирсэн байв. Зөрчил гарч хохирол учрахаас урьдчилан сэргийлж зөвлөн туслах үйлчилгээ байх ёстой гэж үзэж байгаа учраас энэ заалтыг засах ёстой гэж бодож байна.

Ер нь энэ бүхний үндэс нь манай хяналт шалгалтын тогтолцоо буюу Мэргэжлийн хяналт дэндүү нүсэр, бүх хяналтыг нэг дор төвлөрүүлсэнтэй холбоотой. Намайг дэд сайдаар ажиллаж байх 2000-аад онд хяналтууд холбогдох яамддаа байсан. Гэтэл одоо яамдын хяналт гэж байхаа больсон. Бүгд Мэргэжлийн хяналтад төвлөрснөөс яамд салбартаа хийж байгаа барилга угсралт, хөрөнгө оруулалтын ажилд ч хяналт тавихаа больсон гэж байр сууриа илэрхийлсэн. Зарим гишүүдийн хувь ч С.Чинзориг гишүүнтэй санал нэг байлаа.

Энэ хуулийн төслөөр МАН-ын бүлэг завсарлага авч, бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, ямар хяналтыг үргэлжлүүлж, ямар хяналтыг зогсоох асуудлыг дахин ярилцахаар болсон юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn