Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2022.04.21

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Улсын Их Хурлын даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар захирамжаар дээрх хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулан байгуулсан юм.

Ажлын хэсэг хоёр удаа, дэд хэсэг гурван удаа хуралдаж, дээрх хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа.

Ажлын дэд хэсгийн хуралдааны үеэр холбогдох байгууллагууд саналаа ирүүлэн хэлэлцүүлжээ. Тухайлбал, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас дээрх хуулийг үйлчлэх хугацаанд төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг нэг аж ахуйн нэгжид давхардуулан хийхгүй байх, нэг төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрч, хяналт шалгалтын байгууллагууд хоорондоо харилцан уялдаатай ажиллах, төрийн эрх бүхий байгууллагуудын зүгээс ноцтой осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд бодитой хохирол учирснаас бусад тохиолдолд амралтын болон нийтээр амрах баярын өдрүүд, худалдаа, үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний ачаалалтай, оргил цаг үед төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг хийхдээ аж ахуй эрхлэгчид хүнд суртал, хүндрэл чирэгдэл үүсгэхгүй байх зэрэг саналуудыг танилцуулсан байна. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын нэгдэн орсон Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж экспортын бүтээгдэхүүнд олгож буй гэрчилгээ, импортын мэдэгдэл, түүнчлэн давхардуулан хийж байгаа хяналт шалгалт болон хянан-магадлагаа, олгож байгаа баримт бичгүүдийг давхардлыг арилгах, гадаад худалдааны талаарх мэдээллийг Худалдааны нэгдсэн порталд тогтмол байршуулах саналыг гаргасан аж.

Ажлын хэсгийн хуралдаанаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт хяналт шалгалтыг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг харгалзан их эрсдэлтэй обьектод хийдэг байх, аж ахуйн нэгж, байгууллага дотоод хяналт шалгалтаа зохион байгуулж, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээх зэрэг саналуудыг боловсруулжээ.

Мөн Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын стандарт болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу малын эрүүл мэндийг хамгаалах, малын гаралтай бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хангуулах зорилготой мал эмнэлгийн хяналтын чиг үүргийг Мал эмнэлгийн ерөнхий газарт бүрэн хамааруулж, Мал эмнэлгийн ерөнхий газраас олгож байгаа мал эмнэлгийн олон улсын гэрчилгээг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийх тухай саналыг гарган ажлын хэсгийн танилцуулгад тусгуулахаар тогтсон гэлээ.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүд тухайн зүйлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт шалгалт явуулаагүйгээс болоод хүний амь нас, эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учирвал яах вэ гэдэг асуудлыг өмнө нь ярилцсан. Хэрвээ хохирол учирвал хяналт тавьдаг байгууллагууд хариуцлагаас мултрахгүй шүү гэдгийг анхаараарай. Төр хяналтаа тавихгүй яасан юм бэ гэсэн шаардлагыг иргэд тавина. Хуулиар төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоосон байсан юм гэсэн тайлбар тавих эрх байхгүй гэлээ.

Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, Төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдээгүй байх үед ийм асуудал үүсчээ гэж хойшоо суух эрх байхгүй. Эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийгдээд нэлээд олон жил болж байна. Байгууллагууд ч туршлагатай болсон6 Хаана ямар нөхцөл байдалтай байгаа гэдгийг мэддэг болсон гэж бид ойлголцсон. Эрсдэлээ зөв үнэлэх нь хяналт шалгалтын байгууллагуудын гол анхаарах асуудал. Тиймээс төлөвлөгөөт шалгалт хийгдээгүйгээс ийм асуудал болсон байна, тиймээс хариуцлага хүлээхгүй гэж мултрах зүйл гарахгүй гэлээ.

Ийнхүү хэлэлцээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.