2022.04.21
Ё.Баатарбилэг: Хяналт шалгалт хийгээгүйн үүднээс хохирол учирвал хариуцлагаас мултрахгүй шүү
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.21\ нэгдсэн хуралдаанаар Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Ямар төрлийн хяналт шалгалтыг 3 жил зогсоож байгаа гэдэгт эргэлзээтэй зүйл байсан. Хүний амь нас , эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд учруулж болзошгүй хор хохирол, үр дагаврыг нь харгалзан их эрсдэлтэйгээс бусад обьектод хэмээн зөөлрүүлж оруулж байгаа юм билээ. Хууль санаачлагчдаас бидэнд өгсөн танилцуулгад бага эрсдэлтэй 36779, дунд эрсдэлтэй 77784 ширхэг обьектод 3 жилийн хугацаанд хяналт шалгалт хийхгүй гэжээ. Үүнд нь зам гүүр нь орох юм уу? Нөгөө талаар эрсдэлтэй гэдэгт хэрхэн үнэлэгдэх вэ?
Хэрэв дээрх газруудад хяналт шалгалт хийгээгүйн үүднээс их хэмжээний хохирол учирсан байвал хэн хариуцлага хүлээх вэ?
Хууль санаачлагчид нь хохирол учруулсан хүмүүс нь хариуцлага хүлээнэ гэсэн тайлбар өгч байгаа. Тэр нь ойлгомжтой. Төрийн хяналт шалгалтын байгууллага хяналт шалгалт явуулаагүйгээс болж, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд хор хохирол учирсан тохиолдолд хариуцлагаас мултрахгүй шүү гэдгийг хэлье.
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа.