2022.03.24

Н.Учрал: МХЕГ-ын байцаагчид зөвлөн туслах биш зөөллөн дарамталдаг

УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Хяналт, шалгалт гэдэг бол ард түмнээ эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг. Ард түмнээ эрсдэлээс хамгаалаад, хяналт шалгалтыг зөв хийж байгаа бол буруу зүйл огт биш. Хууль зүйн сайд маань ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг хамаг гол ажлыг нуруундаа үүрээд, асуудал шийдэх гээд явж байгаад миний хувьд талархалтай байна.

Төрийн хяналт, шалгалт хийдэг нэрийн дор хяналтын үйл ажиллагаа явуулж байсан байгууллагууд “хяналт, шалгалт” гэдэг  үндсэн үгний утгыг алдагдуулчихсан. Түүнээс нь болоод хяналт, шалгалтыг ард түмэн буруугаар боддог болчихсон. МХЕГ-ын дарга Б.Баасандорж хуулиас нь авахуулаад төлөвлөгөөт шалгалт гэдэг дарамтыг багасгая гээд ажиллаж байгаа юм байна. Гэхдээ үнэнээ хэлэх ёстой. Танай МХЕГ бол дампуурсан байгууллага болсон. Тэнд байгаа боловсролын таван байцаагч диплом шалгахаас өөр зүйл мэдэхгүй. Тэдгээр байцаагчид хүнд зөвлөж, тусалж чадахгүй, тийм оюуны потенциал нь байхгүй. Хяналт, шалгалт явуулна гэдэг чинь агуулга төвтэй биш “хүн” төвтэй болчихсон. Зөвлөн туслах гээд гоё уриалга бид өнөөдөр дэвшүүлж байгаа ч гэсэн тэр ажлыг хийж чадах потенциал, баг бүрэлдэхүүн нь байхгүй. МХЕГ-ын байцаагчид Зөвлөн туслах биш зөөллөн дарамталдаг.

Хяналт, шалгалт явуулаад зөвлөн тусална гэдэг чинь харилцаагаа сайжруул л гэдэг хэлбэртэй. Тиймээс Б.Баасандорж дарга үнэнээ хэлэхийг хүсч байна. Цаашид танай байгууллага зөвлөн туслах үйлчилгээ хийх бололцоо бий юу?

Зөвлөх туслах гэдэг бол ядаж хажуудаа нэг судалгааны байгууллагатай, бодлого боловсруулдаг байгууллагатай, Их хурлын даргын яриад байгаа Big Data дээр анализ хийх чадвартай хүмүүс байж зөвлөн тусладаг юм. Зөвлөн туслах гэдэг нь судалгааны байгууллага дээр суурилж явдаг ажил. Тэгэхээр салбар бүрийг мэддэг хэдэн хүн суучихаад, байгууллага болгон дээр очоод төлөвлөгөөт шалгалт гэдэг нэрийдлээр дарамталдаг асуудлыг цэгцлэе гэдэг санаачилга бол маш зөв.

Ер нь бүгдээрээ нэг зүйл дээр одоо тохиръё. Мэргэжлийн холбооны хуулиа гаргаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг ажлуудыг мэргэжлийн холбоодод өгье. Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо шиг салбар болгонд байгаа олон хөгжлийн төв нэртэй газрууд, эсвэл МХЕГ-ын олон газар, бүтцүүдийг бүгдийг нь чаддаг хүмүүст нь өгч, мэргэжлийн холбоогоор нь хөндлөнгийн хяналт хийлгээд явах хэрэгтэй.  Гадны орнуудад хүмүүс өөрсдөө зөвлөгөө авах гэж хяналт, шалгалт хийлгэхийг хүсдэг шиг манайх мөн тэр жишиг рүү шилжих шаардлагатай байна.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд хичнээн байгууллагад зөвлөгөө өгөөд, хэд нь хүлээж аваад, хэд нь хэрхэн яаж сайжраад, ямар үр дүн гарч байгаа талаар асуумаар байна.

Түүний асуултад МХЕГ-ын дарга Б.Баасандорж хариуллаа.