УИХ-ын чуулганы /2022.03.24/-ны хуралдаанаар "Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Би энэ танхимд орж ирсэнээсээ хойш нэг зүйлийг ярьж байгаа. Төр бизнес эрхлэгчдэд үзүүлэх дарамтаа багасгах хэрэгтэй гэж. Ажлын хэсгийнхэн хандлагаа өөрчилж, бизнес эрхлэгчидтэй харьцах харилцаагаа өөрчилье гээд ярьж байгаа нь зөв. Бизнес эрхлэгчид болон нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хүмүүс өөрсдөө маш ухаантай. Ард түмэн төрийн уриалга, лоозон дагаад дэвээд явдаг хүмүүс биш. Тиймээс ялангуяа хувиараа бизнес эрхлээд явж байгаа ард түмнээ төр дэмжих хэрэгтэй.
Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангаж, чанартай үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн хэрэглүүлье гэж ярьж байгаа нь зөв. Гэхдээ төр үүнийг хийж чадахгүй. Хэрэглэгчид өөрсдөө чанартай, чанаргүй зүйлийг ялгаж чадах мэдлэг, мэдээлэлтэй байдаг. Тиймээс төр хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн дундуур орж бүх зүйлийн харьцааг алдагдуулахаа болих хэрэгтэй. Эцэст нь бүх зүйлийн бурууг бизнес эрхлэгчид рүү чихдэг байдлаа больмоор байна.