Хувийн мэдээллээ хамгаалах эрхийн баталгаатай боллоо
Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг 2021 оны тавдугаар сарын 19-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан юм. Тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр батлуулсан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хувь хүний нууцыг тодорхойлж, 5 төрөлд ангилан, хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт болсон.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар
"Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний “халдашгүй, чөлөөтэй байх эрх”-ийг баталгаажуулж, хүний хувийн мэдээлэл гэж чухам юу вэ гэдгийг тогтоон тодорхойлж, түүнийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүллээ.Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглосон".
Хувь хүний нууц нь:
- захидал харилцааны нууц;
- эрүүл мэндийн нууц;
- хөрөнгийн нууц;
- гэр бүлийн нууц;
- хуулиар тогтоосон бусад нууц гэсэн 5 төрөлд ангилдаг.
УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал
"Хүний хувийн мэдээллийг хамгаалах явдлыг илүү боловсронгуй болгож мэдээллийн эзэн мэдээллийн аюулгүй байдлаа өөрөө хариуцдаг байсныг өөрчлөн мэдээлэл хариуцагч буюу тухайн иргэний мэдээллийг авч, хадгалж, ашиглаж буй субъект мөн түүний аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг хуулиар хүлээлгэлээ".
Дэлхийн 194 улсаас 132 улс Хувь хүний мэдээлэл хамгаалах тухайхууль тогтоомжийг баталсан байна. Ази Африкийн улсуудын 55 хувь нь Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан бөгөөд тэдгээрээс 23 нь хөгжиж байгаа улсууд юм. Дэлхийн улсуудын 66% нь мэдээлэл хамгаалах болон мэдээллийн аюулгүй байдлын талаар хуультай, 10% нь хуулийн төслөө боловсруулсан бөгөөд 19% нь огт хуульгүй байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Профессор, Хууль зүйн Доктор О.Мөнхсайхан
“Монгол Улсын Үндсэн хуульд ...Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална”, мөн ...Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэж заасан. Тиймээс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсанаар хувь хүний мэдээллийн тодорхой хэсэг болох хувийн ба гэр бүл, захидал харилцаа, орон байрны мэдээллийг нууцад хамааруулан хууль зүйн хамгаалтад авсан байна. Ингэснээр хүний эрхэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй, харин хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдахаас урьдчилан сэргийлэх эерэг нөлөө үзүүлнэ.”
Сүүлийн жилүүдэд үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор хүний биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл байгаа бөгөөд ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хүний хувийн мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн тохиолдолд эргэн мэдэгдэх, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах зэрэг асуудал үүсэхэд Хувь хүний нууцын тухай хуулийг хэрэглэхэд зохицуулалтын агуулга нь хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй, тодорхой төрлийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйд хүргэж байна.
Түүнчлэн дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж ашиглан хүний хувийн мэдээлэл цуглуулах, хувь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх мэдээллийг олон нийтэд түүний зөвшөөрөлгүйгээр ил болгох, бусдад дамжуулах үйлдлүүд ихээхэн нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь дүрс бичлэгийн төхөөрөмжийг байршуулж болох тохиолдлуудыг хуулиар нарийвчлан заагаагүй, түүнд тавигдах шаардлагыг тодорхойлоогүй, хориглох зохицуулалт байхгүй, хяналт тавьдаггүй зэрэгтэй холбоотой гэж үзэж байна.
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль батлагдсанаар:
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх зүйн орчин бүрдэж, хувь хүн буюу мэдээллийн эзнээс түүний мэдээллийг цуглуулах, боловсруулах талаар зөвшөөрөл авах тогтолцоо бүрдэнэ;
- Хувь хүн буюу мэдээллийн эзэн, хүний хувийн мэдээлэл хариуцагч болон боловсруулагчийн эрх, үүргийг тогтоосноор хүний хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглахад хязгаар тогтоох, хүний хувийн мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлж, хүний эрхийн баталгаа дээшилнэ;
- Хүний хувийн мэдээлэл боловсруулах, хамгаалах талаар хориглох зүйлийг тогтоож, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлнэ.
Цахим хөгжлийн үндэсний хорооны ажлын албаны дарга С.Тэнгис
“Цахим хөгжлийг дагаад маш их мэдээ, мэдээлэл төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад цугларсан. Эдгээрийг хэрхэн зөв зохистой ашиглах, ингэхдээ иргэдийн эрх ашгийг зөрчихгүй байх, цахим орчинд хүний эрх хөндөгдөж байдаг. Монгол Улс Ази, номхон далайн бүс нутгийн орнуудаасаа түрүүлж алдхам хийн энэ хуулийг батлан, зохистой зохицуулалтыг бий болгож чадлаа.”
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn