Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.22) боллоо. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хийв.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх, хувь хүний нууцтай байх, үүнийг хуулиар тогтоон хамгаалахаар заасны дагуу Улсын Их Хурал 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хувь хүний нууцын тухай хуулийг баталж, мөн оныхоо 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд хувь хүний нууцыг хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулж байгаа суурь эрх зүйн зохицуулалт юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш уг хуульд 2 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Шинээр оруулж буй Хувь хүний нууцын тухай хуульд зарчмын шинжтэй томоохон өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл авдаг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгсөн. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгон, Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулага болон төрийн бусад байгууллага мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийн хүрээнд хяналт тавихаар тусгасан. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тодруулбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дүрс бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заасан жишээг дурдаж болно гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуулийн төсөл саначлагчаас Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, Л.Мөнхбаатар гишүүн хувийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд ашиглаж байгааг дурдаад энэ нь зөвхөн шаардлагатай мэдээллийг ашиглаж буй эсэхийг тодруулж, хуульд хэрхэн тусгагдсан талаар асуув. Хууль санаачлагч, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, хувь хүний мэдээллийг зөвхөн төрийн байгууллага ашиглаад зогсохгүй үйлчилгээний бүхий л байгууллагууд ашиглаж байна. Тухайлбал, дэлгүүр болон бусад үйлчилгээний байгууллагууд хувь хүний хурууны хээг заавал уншуулах шаардлага тавьдаг. Энэ нь тухайн байгууллагын дотоод журам гэсэн тайлбар хийдэг. Иймд уг хууль батлагдсанаар, энэ байдлыг халахаар зохицуулсан гэв.
Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжигдэв. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.