ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа
2022.01.03

ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай уулзлаа

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б. Цэнгэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж уулзлаа. Уулзалтын зорилго нь цар тахлын нөхцөл байдлын улмаас БНХАУ болон Монгол улсын хоорондын хил, гааль дээр хийгдэж буй иргэдийн зорчих хөдөлгөөн, эдийн засаг, худалдааны харилцаа, тээвэр ложистикийн зогсолт, хязгаарлалтын талаар болон цаашид түүнийг хэрхэн шийдвэрлэх асуудлаар санал солилцож, хамтран ажиллах тухай ярилцав.

БНХАУ-ын Эрээн хотын “Шинэ коронавирустай тэмцэх ажлын алба”-ны 83 тоот мэдэгдэл гарснаас буюу 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Замын-Үүд-Эрээн боомтоор төмөр замаар дамжин гарах зэсийн баяжмалын импортын нөхцөл байдал, түүний нэвтрэлтийг нээх, нэмэгдүүлэх талаар онцгойлон анхаарч, БНХАУ-ын холбогдох байгууллагуудад асуудлыг тавьж, хамтран ажиллахыг Б.Цэнгэл дарга хүслээ.

Мөн БНХАУ-д 2003 оноос хэрэгжүүлж буй Төрийн өмчийн талаарх шинэчлэл, түүний үр дүнгийн талаар санал солилцож, цаашид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, удирдлагын тусгай хороо /State-owned Assets Supervision and Administration Commission-SASAC/-той харилцан туршлага солилцох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Элчин сайд Цай Вэньруй цар тахалын хүнд үед Монгол улс БНХАУ-ын ард түмэнд чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлж байсныг онцлон тэмдэглэж, санал солилцсон чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлэв.

Цай Вэньруй “Хүнд цаг үед сайхан сэтгэлээр хандсан Монголчуудын ач тусыг мартахгүй. Манай хоёр улсын хооронд улс төрийн хувьд шийдвэрлэж болохгүй асуудал гэж байхгүй. Тиймээс ноён Цэнгэл таны санал, хүсэлтийг албан ёсоор хүлээн авч хурдан шуурхай шийдвэрлүүлэх тал дээр өөрийнхөө зүгээс бүх талаараа дэмжиж хамтран ажиллана” гэлээ.