Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орно
2021.08.31

Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орно

УИХ-ын намрын чуулганаар дээрх хуульд нэмэлт өөрчлөлт орно. 2012 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу авто тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хэн бүхэн жил бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдаж замын хөдөлгөөнд оролцох эрх үүсдэг болсон.

Ингэхдээ тухайн эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаалан 12.500-53.000 төгрөгийн суурь хураамжаас тооцсон даатгалын хураамж төлөх үүрэг хүлээдэг билээ. Жолооч нарын хувьд ч энэ үүргээ сайн биелүүлж, жил ирэх бүр даатгалд хамрагдаж байгаа жолооч нар болон хураамжийн орлого нэмэгдэж байдаг нь даатгалын компаниуд болон Санхүүгийн зохицуулах хорооноос гаргаж буй тайлангаас харагддаг.

Тодруулбал даатгалаас жилд 30 гаруй тэрбум төгрөгний орлого төвлөрдөгөөс жилд зам тээврийн ослын улмаас хохирсон хохиролд 15,0-17,0 орчим тэрбум төгрөг буюу нийт хураамжийн 53 орчим хувь жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаас төлөгддөг. 

Үүнээс харахад хуулийн нэг зорилго тодорхой хэмжээнд хангагдаж байна. Харин даатгалаа төлсөн иргэдийн 90 гаруй хувь ямар нэгэн даатгалын тохиолдол гаргаагүй бөгөөд албан журмаар даатгуулсныхаа үр шимийг хүртэж чаддаггүй нь Жолоочийн даатгалын тухай хуулийн хамгийн том гажуудал юм. Энэ асуудал намрын чуулганаар хэлэлцэх Жолоочийн даатгалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шийдэгдэнэ гэсэн хүлээлт жолооч нарт байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn