Ц.Мөнх-Оргил:

Хууль үйлчилж байгаа ч улам сайжруулах шаардлага үүссэн


3 минут уншина
Ц.Мөнх-Оргил: Хууль үйлчилж байгаа ч улам сайжруулах шаардлага үүссэн

Жолоочийн даатгалын тухай хууль 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар автомашин эзэмшигч жолооч бүр албан журмын даатгалд хамрагдах үүрэгтэй бөгөөд тодорхой хураамжийг итгэлцүүр дээр тулгуурлан жил бүр төлж, даатгуулдаг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд байгаа нийт жолооч нарын 72% нь албан журмаар даатгуулдаг бөгөөд хууль хэрэгжсэн хугацаанд албан журмын даатгалын хураамжаас 180 гаруй тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Хууль хэрэгжсэн 7 жилийн хугацаанд жолооч нар даатгалдаа тогтмол хамрагдаж байгаа ч хариуцлагатай жолооч нарыг урамшуулах тогтолцоо хангалтгүй, тохиолдол гаргаагүй жолооч дараагийн хураамжаасаа хөнгөлөлт эдлэхгүй байгаа, даатгалын компаниуд хүндрэл чирэгдэл үүсгэдэг, даатгуулсан жолоочийн эрх ашгийг хангаж чаддаггүй зэрэг хууль батлагдсан зорилгоо биелүүлж чадахгүй байгаа бөгөөд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо ч хангалтгүй ажиллаж байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлсээр байдаг. Үүний цаана жолоочийн даатгалын хураамжаас төвлөрүүлсэн чамгүй хэмжээний мөнгө хэний халаасанд орж байгаа нь тодорхойгүй. Нэгдсэн тоо баримт нь зөрүүтэй явсаар байна. Vip76.mn сайт энэ сэдвийн хүрээнд дараах тодруулгаа хүргэж байна.


2011 онд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Жолоочийн даатгалын тухай хуулийг анх санаачлан боловсруулж, батлуулсан бөгөөд тэрээр уг хуулийн хэрэгжилт баталсан зорилгынхоо дагуу хэрэгжиж байгаа эсэх талаар Санхүүгийн зохицуулах хороонд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Асуулга тавьжээ. 

Санхүүгийн зохицуулах хорооноос таны асуулгад ямар хариу, тайлбар ирүүлсэн бэ? 

- Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай байна. Аль заалт нь хэрэгжиж, аль заалт хэрэгжихгүй байна вэ? Хуульд засвар өөрчлөлт оруулах шаардлага байна уу гэсэн агуулгаар би Санхүүгийн зохицуулах хороонд асуулга хүргүүлсэн. Хариуд нь хууль сайн хэрэгжиж байна гэсэн. Тиймээс би хуулийн хэрэгжилтэд хамаарал бүхий бусад байгууллагуудаас санал авч эхэлсэн. Жишээлбэл Монголын даатгалын холбоо 2019 оны 12 сарын 12-д тайлангаа ирүүлсэн байна. Цаашид олон байгууллагаас хуулийн хэрэгжилттэй холбоотой тайлан, тайлбар, мэдээлэл ирсээр байх юм. Эндээс Жолоочийн даатгалын хуулийн хэрэгжилт яг хаана нь хэрэгжиж, хаана нь хэрэгжихгүй байгаа болон ямар заалтыг хэрхэн өөрчлөх шаардлагатай эсэхийг тодорхой болох юм. 

Та уг хуулийн санаачлагч. Хууль анх батлагдсан зорилгоороо хэрэгжиж чадаж байна уу?

- Хууль үйлчилж байна. Бүхэлдээ сайн хэрэгжиж байгаа. Иргэдийн авто тээврийн ослын улмаас үүссэн хохирлыг барагдуулахад дорвитой хувь нэмэр оруулсаар байна. Хууль батлагдахаас өмнө зам тээврийн ослын улмаас үүссэн хохирлыг иргэд өөрөө л хариуцдаг байсан бол энэ хууль хэрэгжиж эхэлснээс иргэд нөхөн олговор авах боломжтой болсон. Мөн энэ хуулийн нэг чухал зорилго бол хохирол төлүүлнэ гэх заалтыг дагаж жолооч нар даатгалын шимтгэл нэмэгдэх вий гэж анхаарч зам тээврийн осол гаргахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох ухамсар нэмэгдэх юм. Жолооч нарыг хариуцлагажуулах хөшүүрэг гэсэн үг. Харин энэ заалт хангалттай үйлчлэхгүй байна гэж харж болохоор байгаа юм. Учир нь тухайн жолооч 5 жил зам тээврийн осол гаргахгүй хөдөлгөөнд оролцсон бол үүнийгээ дагаад жилийн даатгалын хураамж буураад явах ёстой. Яагаад гэхээр та осол гаргаагүй хариуцлагатай жолооч гэдгээ баталсан учраас тэр юм. 

Хуулиар албан журмын даатгал бий болгож, жолооч нартаа хөнгөлөлт урамшуулал үзүүлэхгүй, даатгалын хэдэн компаниудыг хөрөнгөжүүлж байна гэж иргэд бухимддаг. Даатгалын компаниуд жолооч нарт нөхөн олговор өгөх гэж чирэгдэл учруулдаг. Хариуцлагатай байсныхаа төлөө жолоочид хөнгөлөлт үзүүлэхгүй байх зэрэг асуудал ч хууль хэрэгжсэн 7 жилийн хугацаанд яригддаг л байсан. Үүнийг хэрхэн засах вэ?

- Энэ талаар судалж байна. Эхний байдлаар бүх тайлан тооцоог нь гаргаж авч байна. Хууль хэрэгжсэн хугацаанд даатгалын хураамжаар хичнээн төгрөг хуримтлагдсан. Үүнээс хэдийг нь нөхөн төлбөрт олгосон, даатгалын компаниудын үйл ажиллагааны зардал нь хэдэн төгрөг байсан, цэвэр ашиг нь хэд байсан гээд бүх тооцоог нь гаргаж авна. Ингээд ашиг хэлбэрээр хуримтлагдаж байгаа мөнгийг хариуцлагатай жолооч нарыг урамшуулах чиглэлд зарцуулах ямар арга хэлбэр байж болохыг судалж байгаа. Нилээн нарийн тооцоо судалгаанд үндэслэн хуулийн төслийг боловсруулна. 

Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна гэж ойлголоо. Хэзээ хуулийн төсөл бэлэн болох вэ?

- Судалгаа тайлан тооцоо их хийх шаардлагатай тул энэ парламентын үлдсэн 6 сарын хугацаанд амжихгүй. Дараагийн парламентын үед энэ хуулийг бүхэлд нь янзлах болно. Өмнө нь Сангийн яаманд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. УИХ-аас баталсан Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тогтоолын хүрээнд Жолоочийн даатгалын тухай хуулийг боловсронгуй болгох үүргийг Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг өгсөн ч одоог хүртэл хуулийн төслийг оруулж ирээгүй, Монголбанктай зөвшилцөж байна гээд гацаачихсан байгаа. Санхүүгийн зохицуулдах хороонд асуулга таввьсан нэг гол зорилго маань ч энэ байсан. Хуулийн төсөл хаана байна вэ? Дүгнэлтээ гарга, ямар засвар хэрэгтэй байна вэ? Иргэд олон нийтээс ирж буй гомдол, санал юу байгаа вэ? Түүнийг нь тусгасан хуулийн төсөл хаана байна вэ? гэж би асуулгадаа тавьсан. Гэтэл одоо болтол алга байна.

Ц.Соёлмаа