Киоск машин ашиглан жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгээрэй
2020.01.23

Киоск машин ашиглан жолоочийн хариуцлагын даатгалаа хийлгээрэй

Манай оронд авто тээврийн хэрэгсэл, жолоочийн тоо жилээс жилд нэмэгдэхийн хэрээр замын хөдөлгөөний нягтрал өсч, зам тээврийнэ ослын тоо, түүнчлэн иргэдэд учрах хохирлын хэмжээ нэмэгдэж байсан тул төрөөс Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тогтолцоог бий болгож замын хөдөлгөөнд оролцогчдын эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Тиймээс тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож буй хүн бүрийн зайдшгүй авах үйлчилгээнүүдийн нэг бол жолоочийн даатгал юм.

Даатгалаа авахын тулд жолооч нар жил бүр багагүй цаг, заваа зарцуулдаг байсан. Харин өнөөдрөөс уг даатгалын үйлчилгээг Албан журмын даатгагчдын холбоо, Гэрэгэ ХХК болон Асимон брокерс ХХК нар хамтран технологийн дэвшлийг ашиглан шийдвэрлэж чадлаа. Энэ нь Гэрэгэ киоскоор дамжуулан Монголд анх удаа цахим зуучлалыг нэвтрүүлснээр жолоочийн даатгалын түргэн шуурхай авах боломжтой болж байна. 

Цаасан суурьтай үйл явцыг аюулгүй цахим үйл явц болгон Гэрэгэ киоскт нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэх төдийгүй үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хамтын ажиллагаа нэмэгдэх юм. 

Д.Цэвээнжав Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал

“Албан журмын даатгалыг хэрэгжүүлэхэд хамгийн боломжтой зүйл бол орчин үеийн технологийг ашиглан цахим даатгалыг нэвтрүүлэх хэрэгцээ байсан. Албан журмын даатгал гэдэг бол даатгуулах ёстой субъектууд маш олноороо хамрагддаг. Жолоочийн хариуцлын даатгалд л гэхэд 1 сая орчим хүн хамрагдах нөхцөл үүссэн. Тиймээс ийм олон хүнийг хамарч байгааг үйлчилгээг тэдгээр хүмүүстээ чирэгдэл үүсгэхгүйгээр даатгалаа хийлгэх боломжийг нээж өгөх нь чухал байсан. 2018 оны эцсээр жолоочийн хариуцлагын даатгалыг хийхэд цахим гарын үсэг ашиглах боломжийг бий болгосон. Монголын түр “Хур” системийг нээж, хэрэглэж байгаа учир тэр системийг ашиглан цахим гарын үсэг ашиглан даатгалаа хийлгэх боломжийг нээсэн юм. Үүний дараагийн алхам бол өнөөдөр нээж байгаа киоск машин ашиглан жолооч өөр даатгалаа хийлгэх энэ боломжийг бий болгож байна.”

“Төрийн түгжрэлгүй үйлчилгээ”-ний төлбөрийн нэгдсэн системд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ийнхүү оруулснаар даатгалын салбарт цахим зуучлалын үйлчилгээ бий болж байна. 

Жолоочийн хариуцлагын цахим даатгалын үйлчилгээг өнөөдрөөс эхлэн авах боломжтой бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн ажиллагаанд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгагчдын холбоо, Гэрэгэ системс ХХК, Асимон брокерс ХХК-ны төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр дан ганц технологийн шийдлийг таницуулахаас гадна даатгалын зах зээл, технологийн салбарын хөгжлийн чиг хандлага зэргийг мэргэжлийн хүмүүс илтгэлдээ танилцууллаа. 

Улсын хэмжээнд 1 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас Улаанбаатар хотод 500 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй гэсэн тоо байдаг. Үүнийг дагаад төдий хэмжээний жолооч замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлячлгээ авч байгаа юм. Дээрх үйлячлгээ бий болсноор жолоочийн хариуцлагын даатгалын үйлчилгээ авах иргэд даатгалын нэг цонхонд дараалал зогсож, олон шат дамжлагагүйгээр даатгалаа төлдөг болж байна. 

 

Өнөөдрийн байдлаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйлчилгээг даатгалын 15 компани гүйцэтгэж байна. Цаашид манай улс санхүүгийн зах зээлийн бүрэлдэхүүн хэсэг болох даатгалын салбараа илүү хөгжүүлэх, оолн улсын жишиг туршлага, технологийн дэвшилийг ашиглах зайлшгүй шаардлага байгаа юм. Төрийн зүгээс даатгалын үйлчилгээг хөгжүүлэх чиглэлд эдийн засаг болон эрх зүйн дэмжлэг үзүүлэх ёстой тухай Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газрын дарга илтгэлдээ онцолсон юм. 

“Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 оны хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Санхүүгийн зохицуулах хорооны Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх стратеги төлөвлөлт зэргийг баталсан. Эдгээрт санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх асуудал чухлаар тусгагдсан. Энэ хүрээнд жолоочийн даатгалыг цахим хэлбэрт шилжүүлэн, өөрт ой байгаа киоск машин ашиглан өөрөө хийж, цаг зав мөнгө хөрөнгөө хэмнэх боломжтой болж байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс даатгалын салбартай холбоотой эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд дорвитой ажлууд хийж байна. Жолоочийн даатгалын тухай хуулийг шинэчилэн батлуулахаар удахгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөөд байна.”

М.Өлзийбат Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын хэлтсийн дарга

Даатгуулагч та өөрт ойрхон Автотээврийн үндэсний төвүүд дээр байрлуулсан Гэрэгэ киоскыг ашиглан түргэн шуурхай үйлчилгээг олон шат дамжлага, хүнд сурталгүйгээр авах боломжтой ба танд иргэний үнэмлэх, төлбөрийн карт тань байхад л хангалттай. Гэрэгэ киоск нь Улаанбаатар хот, 2 аймагт нийт 50 байршилд 80 гаруй киоск машин үйлчилгээ үзүүлж байна. Даатгалын 13 компаниас та өөрийн сонгосон дурын компанидаа жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаа хийлгэх боломжтой юм. 

Ц.Эрдэнэбат Гэрэгэ Системс ХХК-ийн үүсгэн байгуулагч

“Бид эхлээд технологио нэвтрүүлэх нь чухал. Програмчлал гэдэг бол цаанаа хүний хийж байсан үйлдлийг хялбарчилж, энгийн иргэн ч өөрөө хийж болох хэлбэрт шилжүүлнэ гэдэг бол маш их нарийн, урт хугацааны ажил байсан. Үүний дараа иргэд хэрэглээд, үйлчилгээ авах эрэлт өсөхийн хэрээр хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах болно. 2020 онд багтааж 21 аймаг бүрт киоск машинаа суурилуулах төлөвлөгөөтэй байна. Хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал ч гэлээ зөвхөн киоск машин хэдэн мянгаар нь хаа сайгүй байрлуулахаас илүү даатгалын агентууд хаана ч явсан бариад явж байхаар гар утасны програм нэвтрүүлсэн. Эцсийн дүндээ энэ үйлчилгээг иргэдийн гар утсанд оруулах зорилт бий. Ингэхийн тулд даатгуулагч заавал хурууны хээгээ уншуулдаг байдлыг халж чадвал энэ нь боломжтой болно.”

Албан журмын даатгал гэж юу вэ?

Зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлагыг хэлнэ. 

Жолоочийн даатгалын үйлчилгээ нь,

  1. Хувь хүний

  2. Хуулийн этгээдийн

  3. Мэргэшсэн C, D

  4. Дамжин өнгөрөх гэсэн 4 төрөл байдаг.