Жолоочийн хариуцлагын даатгалын АШИГ хэний халаасанд ордог вэ?
Улсын хэмжээнд 1.1 сая орчим автомашин бий гэсэн статистик бий. Эдгээр авто машиныг жолоодож, хөдөлгөөнд оролцохын тулд иргэн таны заавал хийх ёстой, хуулиар хүлээсэн нэг үүрэг бол Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах. Энэ даатгалын гол утга учир нь ирээдүйд гарч болох ослоос хохирогчдыг хамгаалах юм. 1920-иод оноос АНУ-д бий болсон энэ даатгалын хэлбэрийг дэлхийн 180 гаруй улс хэрэгжүүлж байна.
Манай улсын хувьд 2011 онд УИХ-аар Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж, 2012 оны эхний өдрөөс мөрдөж эхэлсэн. Өдгөө хууль мөрдөгдөөд 9 дэх жилдээ хэрэгжиж байна.
Хуулийн хамгийн гол зорилго нь авто замын хөдөлгөөнд оролцогчдын эрх ашиг юм. Тодруулбал, энэ хуулиар жолооч бүрийг даатгалд хамруулж, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.
Сүүлийн жилүүдэд энэ хуулийн дээрх гол зорилгоосоо "хазайсан" тухай байр суурийг мэргэжлийнхэн хэлэх болсон. Тэд 2012 оны хууль "үүргээ биелүүлсэн", одоо шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил
Vip76.mn 2020 оны 9 сарын 1 өдөр өгсөн ярилцлага
(Бүхлээр нь ЭНД дарж уншина уу)
Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм байна гэж ойлголоо. Хэзээ хуулийн төсөл бэлэн болох вэ?
- Судалгаа тайлан тооцоо их хийх шаардлагатай тул энэ парламентын үлдсэн 6 сарын хугацаанд амжихгүй. Дараагийн парламентын үед энэ хуулийг бүхэлд нь янзлах болно. Өмнө нь Сангийн яаманд уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. УИХ-аас баталсан Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох тогтоолын хүрээнд Жолоочийн даатгалын тухай хуулийг боловсронгуй болгох үүргийг Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг өгсөн ч одоог хүртэл хуулийн төслийг оруулж ирээгүй, Монголбанктай зөвшилцөж байна гээд гацаачихсан байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд асуулга тавьсан нэг гол зорилго маань ч энэ байсан. Хуулийн төсөл хаана байна вэ? Дүгнэлтээ гарга, ямар засвар хэрэгтэй байна вэ? Иргэд олон нийтээс ирж буй гомдол, санал юу байгаа вэ? Түүнийг нь тусгасан хуулийн төсөл хаана байна вэ? гэж би асуулгадаа тавьсан. Гэтэл одоо болтол алга байна.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ АШИГ. ТЭД АШИГ ШИМЭЭ ХҮРТЭЖ БАЙХ ЁСТОЙ.
Манай улсад Жолоочийн хариуцлагын даатгал шиг ирээдүйд учрах таагүй эрсдэлээс хамгаалах зорилготой, албан журмаар даатгуулдаг, зургаан хэрэгжиж байна. Тухайлбал, Тэтгэврийн даатгал, Ажилгүйдлийн даатгал, Эрүүл мэндийн даатгал гээд нэрлэж болно.
Эрүүл мэндийн даатгалыгг авч үзье. Би өвдсөн үед эрүүл мэндийн үйлчилгээ авахын тулд эрүүл мэндийн даатгалд албан журмаар хамрагдан,даатгал төлдөг. Харин өвдөөгүй тохиолдолд тус даатгалаас надад сувилалд үнэгүй хэвтэх, эрүүл мэндийн үнэгүй шинжилгээ, оношилгоонд хамрагдах "урамшуулал" олгодог.
Гэтэл авто тээврийн осол гаргалгүй 3 жил даатгуулсан жолоочид зориулсан ямар урамшуулал байдаг вэ? Жолооч та ийм урамшуулал авч үзсэн үү?
Дээр нэрлэгдэж буй даатгалыг бүгд төр хариуцдаг. Харин Жолоочийн хариуцлагын даатгалыг арилжааны даатгалын 15 компани хариуцдаг. Цаашлаад харвал, энэ даатгалын 64.4 хувийг 5 компани дангаараа хариуцдаг.
2020.01.01 өдрийн байдлаар Даатгалын компани тус бүрийн байгуулсан жолоочийн даатгалын гэрээний тоо доорх хүснэгтэд байна. Энэ нь Албан журмын даатгагчдын холбооноос гаргасан тайлан юм.
Цааш тоог нарийвчлан тус тайланг харая,
2012 оноос хойш 8 жилийн хугацаанд та бид нийлээд жолоочийн хариуцлагын даатгалд 196 орчим тэрбум төгрөгийн хураамж төлжээ.
График: Даатгалын хураажийн өсөлт
Дээрх графикаас харахад, жилээс жилд даатгалд хамрагдалт болоод даатгуулагчдын тоо өсөлттэй байна.
Сэтгүүлч Ц.Мөнхбаяр
Vip76.mn 2017 оны 12 сарын 25 өдөр өгсөн ярилцлага
(Бүхлээр нь ЭНД дарж уншина уу)
Жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотойгоор жолооч нарын эрх хэрхэн зөрчигдөж байгаа болон энэ асуудлыг шийдэх ямар гарц байгаа талаар энэ асуудлын хөндөж найман цуврал нэвтрүүлэг бэлтгэж үзэгчдэд хүргэсэн С1 телевизийн сэтгүүлч Э.Мөнхбаяр
- Даатгалын 15 компани байдаг, үүний 5 нь монополь буюу нийт даатгуулагчийн 60 орчим хувийг эзэлдэг. Эдгээр даатгалын компаниуд цагдаагийн тодорхойлт нэхдэг тогтолцоогоо ашиглаад даатгуулагчийн мөнгийг гаргаж хохирлыг барагдуулахгүй байгаа нь нэвтрүүлэг бэлтгэж байхад анзаарагдсан.
Зөвхөн, 2019 оны статистикаар 674,441 жолооч жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаж, 36 тэрбум 571.605 төгрөгийн хураамжийн орлого даатгалын компаниудад төвлөрсөн байна. Үүнээс 18 тэрбум 866,569 мянган төгрөгийн нөхөн төлбөр буцаан олгосон байна. Өөрөөр хэлбэл, 2019 онд нийт төвлөрүүлсэн орлогын 51.58 хувийг буцаан нөхөн төлбөрт олгож.
Харин 48.42 хувь нь хаана хэрхэн зарцуулагдаж, хувиарлагддаг вэ? Тодорхой тайлан, мэдээлэл алга. Үүнийг "шилэн болгохыг" даатгуулагчид шаардах эрхтэй.
Улсын хэмжээнд 15 компанийн 246 салбар, 12 төлөөлөгчийн газар, мөн зуучлалын 30 гаруй компаниар дамжуулан дээрх мөнгийг цуглуулж байна. Зуучлагч компаниудад төвлөрүүлсэн нийт орлогын арав хүрэхгүй хувийг, Жолоочийн даатгалын санд компаниуд орлогынхоо дөнгөж 1.6 хувийг төвлөрүүлдэг. Мэдээж компаниудын үйл ажиллагааны зардал, цалин хөлс бусад зардалд шингэдэг байж таараа. Гэхдээ энэ талаар тодорхой тоо, тайлан алга байна. Тийм ч учраас энэ нь “жолоочийн даатгалын 10-20 хувь нь даатгалын компаниудын эздийн халаасанд ашиг болж үлддэг” гэсэн дүгнэлт, байр суурь зарим нэг судлаачид болоод албаны хүмүүсийн амнаас гарах болсон.
Албан Журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав
Vip76.mn 2018 оны 1 сарын 11 өдөр өгсөн ярилцлага
(Бүхлээр нь ЭНД дарж уншина уу)
-Өнөөдөр жолоочийн хариуцлагын даатгалаас орж ирж буй орлогоос 50 орчим хувийг нь нөхөн төлбөрт зарцуулж байна. Даатгалын компаниуд болоод зуучлагч нарын үйл ажиллагааны зардалд 20 орчим хувь нь, мэдээлэл, сурталчилгаанд 10 орчим хувийн зардал гарлаа гэхэд цаана нь 20 орчим хувийн ашиг бий болсоор байгаа нь нууц биш.
Мэдээж хувийн даатгалын компаниуд ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тийм ч байх ёстой. Харин жолоочийн даатгал нь ажилгүйдлийн даатгал, Эрүүл мэндийн даатгал шиг нийгмийн хамгааллын буюу цэвэр ашгийн бус албан журмын даатгал юм. Тиймээс энд, жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэх ажлыг ашгийн төлөөх бизнесийн байгууллага хэрэгжүүлэх нь зөв үү? Магадгүй хуулийг өөрчлөх, тогтолцоог шинэчлэх гол асуулт байж болох юм.