Үндэсний бичиг соёл, номын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэнэ
2021.06.30

Үндэсний бичиг соёл, номын өдрийг жилд хоёр удаа нийтээр тэмдэглэнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.30) хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. 

Нэр бүхий гишүүдээс 2020 оны есдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 24-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нар төслийн 1 дүгээр зүйлийг “1 дүгээр зүйл.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай 5.1.17 дахь заалт нэмсүгэй: “5.1.17.Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг.” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасан нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн билээ.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган, төслийн эцсийн хувилбарыг боловсруулж тараасан талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат гишүүдэд танилцуулав.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтлоо

Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэдэг аж. Манай улсын хувьд 2000 оноос эхлэн төрийн бус байгууллагууд өөрсдийн санаачилгаар, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэсээр ирсэн билээ.

Иймд иргэдийн ном унших идэвх, санаачилгыг дэмжих, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэхэд дэмжлэг үзүүлэх, ном уншлагыг дэмждэг хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, үндэсний бичиг соёл, номын үйлчилгээ, хүртээмжийг иргэдэд ойртуулах зорилгоор үндэсний бичиг соёл, номын баярыг жил бүр нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх эрэлт, шаардлагыг үндэслэн нэр бүхий гишүүд  уг хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байгаа юм.