УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.11.17

Я.Содбаатар: Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг цаашид нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй

УИХ-ын чуулганы үдээс хойш нэгдсэн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийн өмнө хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Я.Содбаатар хийлээ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

"Монгол улсын үндсэн хуулийн 1.1-д Монгол улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн гэж заасан байдаг.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан нь Монголын түүхийн асар том үйл явдал билээ.

Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн иргэдийн сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм.

Анхдугаар Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын их хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгасныг ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.

Ийнхүү монгол түмэн түүхэндээ анх удаа Үндсэн хуультай болж, Бүрэн эрхт Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэхүү өдрөөс хойш 92 жил болж байна.

Харилцан шүтэлцээ бүхий энэхүү түүхэн үйл явдлын үр шимээр өнөөдөр монголчуудын эдэлж буй олон эрх, эрх чөлөөг хуульчлан тогтоосон байдаг. Тухайлбал, бүх нийтээрээ бичиг үсэгт суралцах, эрэгтэй, эмэгтэй хүмүүс адил эрх тэгш байх, шашин шүтлэг болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний суурь чухам энэ цаг үеэс л тавигджээ.

Иймд он цагийн урсгалд баларч гээгдэхийн аргагүй энэ түүхэн үйл явдал бол 1924 оны 11 дүгээр сарын 26-ны энэ өдөр тохиож Монголын түүхэнд бичигдэж үлдсэн юм.

Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ өдрөөс эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилтэт ахиц өөрчлөлт гарсан билээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юм.

Үндсэн хуульд "... улсын дээд эрхийг жинхэнэ ардад..." эдлүүлж, "Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ" хэмээн заажээ. Тиймдээ ч хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хууль мэндэлсэн, хамжлагат ёсыг халан хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжсэн баярыг монголчууд бид хотол олноороо тэмдэглэх нь ихээхэн ач холбогдолтой юм.

Дэлхийд данстай бүх улс дотоодын хэм хэмжээг зохицуулах тулгуур хуультай, тэрхүү хуулийг батлан мөрдсөн өдрийг ард нийтийн баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Манай улс Бүгд Найрамах Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсныг  ард иргэд шүүмжлэн, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсээр байна.

Тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархал бол өнөөгийн бидний дээдлэн авч явах ёстой үзэл санаа юм. Тийм ч учраас хүн төрөлхтний нийтлэг чиг хандлагыг даган Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг цаашид нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй гэж хууль санаачлагч бид үзсэн болно."