Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг тав болон есдүгээр сард зохион байгуулна
2021.06.23

Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийг тав болон есдүгээр сард зохион байгуулна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.23) цахим хуралдаан 15 цагт эхэлж,Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нараас 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэв. 

    Хуулийн төслийн талаар асуулт асуух гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Н.Энхболд нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Гишүүдийн зүгээс төслийн 1 дүгээр зүйл буюу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “5.1.7 буюу Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд: 5 болон 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжлээ. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.