ТАНИЛЦ: 2021 онд Өвөрхангай аймагт хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд
Өвөрхангай аймагт 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 15,481.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 48 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн хөрөнгө оруулалт хийнэ. Орон нутгаас сонгогдсон гишүүд иргэдийн хүлээлгэсэн итгэлийг алдалгүй, ахуй амьдралыг нь дээшлүүлэхэд чиглэсэн мөн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг төсөвт суулгуулах үүрэгтэй. Дараа нь уг хөрөнгө оруулалтаа бодит ажил хэрэг болгоход анхаарч ажилласнаар бүтээн байгуулалтууд бодит биеллээ олдог. Өвөрхангай аймгийн хувьд сүүлийн арав гаруй жил хийгдээгүй томоохон бүтээн байгуулалтын ажлууд өнгөрөгч дөрвөн жилд хийгджээ. Ялангуяа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн тойрогт 2016-2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 105.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Түүний хувьд Өвөрхангай аймгийн Засаг даргаар найман жил ажиллаж байсан учраас орон нутагт шаардагдах төсөв хөрөнгийг хамгийн сайн мэднэ. Тиймдээ ч тэрбээр төсвийн хөрөнгө оруулалт бүрийг төлөвлөгөө, ач холбогдлоор нь авч үздэг.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо хийсэн хөрөнгө оруулалтуудыг салбараар нь дурдвал, Эрүүл мэндийн салбарт нийт 7 тэрбум төгрөгийн, боловсролын салбарт нийт 23 тэрбум төгрөгийн, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах чиглэлээр 15 тэрбум төгрөгийн, хот тохижилт, авто замын чиглэлд улсын төсвийн 17 тэрбум төгрөгийн, олон улсын хөрөнгө оруулалтаар 91.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, санаачилжээ.
Өвөрхангай аймгийн удирдлагууд болон сонгогдсон гишүүдийн хувьд хүүхэд нэг бүрт хүргэх боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санаачилгатай ажилласнаар бодит үр дүнд хүрсэн байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд нийт 31 сургууль, 43 цэцэрлэг, 24 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн оны аравдугаар сард Арвайхээр хотын шинэ суурьшлын бүсэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 14-р цэцэрлэг нээлтээ хийсэн. Үндсэндээ сүүлийн дөрвөн жил таван цэцэрлэг шинээр баригдаж, ашиглалтад оржээ.
Тэгвэл 2021 оны улсын төсөвт боловсролын салбарын их засварт 700 сая төгрөг, тоног төхөөрөмжид нийт 500 сая төгрөг,
Эрүүл мэндийн салбарын их засварт 400 сая төгрөг, тоног төхөөрөмжид 500 сая төгрөг,
Соёлын салбарын их засварт 300 сая төгрөг, тоног төхөөрөмжид 200 сая төгрөгийг тус тус улсын төсөвт суулгасан байна. Энэ жил Өвөрхангай аймгийн түүхт 90 жилийн ой тохиохоос гадна мөн найман сумын 90 жилийн ой болох учраас эдгээр сумдад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэжээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн энэ талаар хэлэхдээ “Төсөвт байгууллагуудын хөрөнгө оруулалтыг боломжийн хэрээр шийдвэрлэсэн. Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын хөрөнгө оруулалтууд үргэлжилнэ. Улсын төсвийн хөрөнгөөр энэ жил Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Мөн Арвайхээр суманд 150 хүүхдийн хүчинтэй чадалтай цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэхээс гадна Сант сумын 240 хүүхдийн, Арвайхээр сумын 320, 240 хүүхдийн ЕБС-ийн барилгын ажлыг дуусгахаар санхүүжилтийг нь төсөвт суулгасан. Ирэх жилүүдэд гурван чиглэлд илүүтэй онцгой анхаарч ажиллана. Нэгдүгээрт, Арвайхээр сумын гэр хорооллын айл, өрхийг цэвэр, бохир усны шугамд холбох ажлыг эхлүүлнэ. Хоёрдугаарт, Арвайхээрт тулгамдсан гол асуудал болох агаарын бохирдлыг багасгах. Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрийг 2020 онд байгуулсан. Үйлдвэрийн аюулгүй ажиллагааг хангах, үйлдвэрлэсэн түлшний химийн найрлагыг лабораторийн шинжилгээнд өгч, дүгнэлт гаргах зэрэг ажлууд одоогоор хийгдэж байна. Гуравдугаарт, аймгийн хэмжээнд ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.
Түүнчлэн Өвөрхангай аймгийн Нэгдсэн эмнэлэг буюу Бүсийн оношилгоо, эмчилгээний хүүхдийн эмнэлгийн хатуу зөөлөн эдлэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар төсөв суулгажээ. Ирэх жилүүдэд эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийн тогтвортой байдалд илүүтэй анхаарч ажиллахаа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тодотгов.
2021 ОНД ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ УЛСЫН ТӨСВӨӨР ХИЙГДЭХ ЗАРИМ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭ
ҮНДЭСНИЙ ӨВ, СОЁЛ:
- Эрдэнэзуу музейн Лаврин хийдийн барилгын их засвар, Баянгол сумын соёлын төвийн барилга угсралтын ажлыг дуусгах, аймгийн музейн барилга угсралтын ажлыг үргэлжлүүлнэ.
- "Өндөр гэгээнтний цогцолбор" төсөл боловсруулж, Өндөр гэгээний соёлын өв уламжлагч" улсын уралдааныг зохион байгуулан соёл урлаг, уран бүтээл, урлагийн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
- Хөгжимт драмын театрын гэрэлтүүлэг, дууны техник, уран бүтээлчдийн хувцас, Хархорин, Уянга сумдын соёлын төвийн гэрэлтүүлэг, Хархорин, Баруунбаян-Улаан, Өлзийт сумдын Соёлын төвийн үзэгчийн сандлыг улс орон нутгийн төсвөөр ,
- Өлзийт, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан сумдын соёлын төсвийг улс, орон нутгийн төсвөөр засварлана.
ЭРҮҮЛ МЭНД:
- Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулж, иргэн бүрт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах, нөхцөлийг сайжруулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
- Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд Эрүүл мэндийг дэмжих төв байгуулж, иргэн бүрт урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хорт хавдрын 7 төрөл, артерийн даралт ихсэх, чихрийн шижингийн эрт илрүүлгийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд тогтмол хамруулна.
- Иргэдийн дунд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт зан үйлийн тархалтыг бууруулах зорилгоор 7 арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, буруулах зорилгоор зургаан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- Нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээнүүдийг авна.
- Эрүүл мэндийн салбарт эмнэлзүйн олон улсын стандарт UpToDate платформ, бүртгэл нэвтрүүлнэ.
- Эм зүйн тусламж үйлчилгээнд хяналтын цахим тогтолцоог нэвтрүүлэн, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлнэ.
- Хархорин сумын нэгдсэн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төвүүдэд мобайл технологийг нэвтрүүлнэ.
- Оношилгоо, эмчилгээнд алсын зайн технологи ашиглах, цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлнэ.
- Цэргийн үзлэгийн хяналт, жирэмсний нэрийн хяналтад цахим программыг нэвтрүүлнэ.
- Осол гэмтлийн дуудлага ихтэй Хархорин, Хужирт, Богд сумдад гэмтлийн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг резиденсийн сургалт эрхэлдэг байгууллага болгоно.
- Эмнэлгийн эмчилгээний хоол, шим тэжээлийн мэргэжилтнийг бэлтгэнэ.
- Зоонозын өвчин судлалын төв, Богд, Хужирт сумдын Эрүүл мэндийн төвийн өргөтгөл, Уянга сумын эмчийн байрыг тус тус шинээр барьж, уламжлалт, нөхөн сэргээх, амбулатори, шүдний гажиг засал, сувилахуй зэрэг эмнэлгүүдийг хувийн хэвшилд тулгуурлан байгуулж, Нарийнтээл сумын Баянтээг багийн эмнэлгийн сэргээн засах уламжлалт эмчилгээний үйл ажиллагааг нэмэгдүүлнэ.
- Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн эмнэлгийн хатуу зөөлөн эдлэл, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
- Сумдын Эрүүл мэндийн төвийг эрчимт эмчилгээний ороор хангах, шаардлагатай сумдын Эрүүл мэндийн төвүүдийн эмнэлгийг түргэн тусламжийн авто машинаар хангах ажлыг үе шаттайгаар шийдвэрлэнэ.
- Есөнзүйл, Сант, Баруунбаян-Улаан, Бүрд сумдын Эрүүл мэндийн төвүүдийн нооргийн барилгыг шинээр барьж, Бат-Өлзий, Гучин-Ус, Богд, Хайрхандулаан, Өлзийт сумдын Эрүүл мэндийн төвүүдийн нооргийн барилгыг засварлана.
БОЛОВСРОЛ:
- Сант сумын 240 хүүхдийн, Арвайхээр сумын 320,240 хүүхдийн ЕБС-ийн барилгын ажлыг дуусгах, Бат-Өлзий, Өлзийт сумдын сургуулийн барилгыг шинээр, Уянга сумын Жаргалант баг, Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.
- Арвайхээр, Бат-Өлзий сумдад 150 хүүхдийн хүчинтэй чадалтай цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлэх, Хужирт суманд урлаг заал бүхий цэцэрлэгийн барилгын өргөтгөл барина.
- Хархорин сумын ЕБС-ийн 2 дугаар сургуульд дотуур байр шинээр барина.
- Зарим сумдын сургууль, цэцэрлэгт мах, ногооны зориулалтын хөргүүр бүхий агуулах, зоорь барина.
- Аймгийн болон сумдын төв, суурин газруудад хийгдсэн хаягийн зургийг засварлаж, хаягжилтын мэдээллийн сан үүсгэж, төрийн байгууллагуудын мэдээллийн бусад сантай холбоно.