Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.14\ нэгдсэн хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулав.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.
УИХ-аас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн бөгөөд хууль хэрэгжиж эхэлснээс хойш зарим зохицуулалтыг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл гарч, буруу жишиг тогтох хандлага бий болжээ. Хууль зүй, дотоод хэргийн яам, Ханнс Зайделийн сантай хамтран Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсний үндсэн дээр 6 зүйл бүхий энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулиар захиргааны байгууллагаас иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх харилцааг зохицуулж байгаа нь хууль хоорондын давхардал хийдлийг үүсгэж, Захиргааны ерөнхий хуулийн Есдүгээр бүлгийн зохицуулалт хэрэглэгдэхгүй байх нөхцөл бий болж байна. Иймд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг хүчингүй болгож, уг хуулиар зохицуулж байгаа харилцааг Захиргааны ерөнхий хуульд нэмж тусгах, зарим зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн өөрчлөн сайжруулахаар хуулийн төсөлд тусгасан байна.
Мөн одоогийн хууль тогтоомжид тусгасан хоёрдмол утга бүхий нэр томьёоллыг нэг мөр болгох, иргэн, хуулийн этгээдийг өргөдөл, гомдлоо цахимаар болон бусад хэлбэрээр гаргах боломжийг хангаж, төрийн байгууллагуудын өргөдөл, гомдол шийдвэрлэх хугацааг богиносгох зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч, Засгийн газрын баталсан захиргааны хэм хэмжээний актыг УИХ-д хүргүүлж байх тухай болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг бусад субьектын баталсан захиргааны хэм хэмжээний актаас ялгаатай хугацаатай хянаж, бүртгэх, эрх бүхий байгууллагад хүргүүлэх тухай өөрчлөлтийг оруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар горимын санаөл гаргаж уг хуулийн төслийг хойшлуулах санал гаргасан боловч гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж ХЗБХ-нд анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр шилжүүлэв.