Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
2019.05.03

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.03/ үдээс хойших хуралдаанаар “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан юм.

Улсын Их Хурлаас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7 дахь заалтад зааснаар Үндсэн хуулийн цэцэд хамаарах эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж заасан байдаг.

Гэтэл тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм байна. 

Тиймээс хуульд үүссэн  ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засаж, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх зорилгоор  хуулийн төслийг боловсруулсан юм.

Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд тус байнгын хорооноос гаргасан дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Энэ санал дэмжигдэхгүй бол унаад өмнөх хуулийн заалт мөрдөгдөнө гэсэн үг. Ирц хангалтгүй байгаа ийм үед хуулийн төслийг оруулж ирж байгаа нь санаатай үйлдэл гэж харагдаж байна. Монголын төрд ямар хүмүүс ажиллаад байна вэ? Төрөө, шүүхийг самаръя гэсэн хүмүүс л ажиллаад байх юм.

Үндсэн хуульд нэг л үг бий. Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт бий гэж. Ард түмэн засгийн газраасаа би энэ гарч буй шийдвэрийг зөв бурууг шийдүүлье гэсэн эрх байхгүй гэсэн үг мөн үү Ш.Раднаасэд дарга аа?

УИХ ард түмний төлөөлөл гэдгээрээ ард түмний өмнөөс шийдвэр гаргадаг. Харин Засгийн газар бол УИХ-аас томилогддог ард түмний төлөөлөл биш. Гаргаж байгаа шийдвэр болохгүй байна гэхээр шүүхийн шийдвэрт нөлөөлөх гээд байдаг. Шүүхээр шийдэгдсэн хэргийг дахин авч хэлэлцэх боломжгүй. Хууль буцаан хэрэглэгддэггүй.

Үүний цаад санаа нь Хятадуудад л үйлчлэх гээд байгаа юм. Газрын тосны асуудал, Петро чайнагийн гэрээний асуудал үүсвэл Захиргааны шүүхээр явуулахгүй байх арга. Далд гар гэж би үүнийг хэлээд байгаа юм. НҮБ-ын төлөөлөлтэй Ш.Раднаасэд дарга уулзсан уу? тэдний хэлээд байгаа санаа бол Захиргааны хэргийн шүүхийг байхгүй болгож байгаад санаа зовниж байна гэж хэлээд байгаа юм. Энэ бол хүний эрхийн зөрчил шүү."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хариуллаа.