Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дэмжигдлээ
2015 оны 04 сарын 09-ны өдрийн УИХ-ын чуулган
2015.04.09

Ерөнхийлөгчийн санаачилсан хууль дэмжигдлээ

Монголд өнөөдрийг хүртэл төрийн захиргааны үйл ажиллагааг зохицуулсан салбар хуулиудын хүрээнд нийтлэг асуудлуудыг нэгтгэн зохицуулсан суурь хуулийг батлан гаргаагүй нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаарх ерөнхий болон процессын нийтлэг харилцааг зохицуулсан хуулийн төслийг боловсруулан батлуулах зайлшгүй шаардлагад үндсэн Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Захиргааны ерөнхий хууль"-ийн төслийг УИХ-д өргөн барьсныг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ үеэр гишүүд ажлын хэсгээс сонирхсон асуулт болон өөрдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: "Захиргааны ерөнхий хууль"-ийг дэмжиж байгаа. Гэхдээ гишүүдийн дунд хэд хэдэн эргэлзээ бий. Нэгдүгээрт нь захиргааны үйл ажиллагааг ерөнхий байдлаар хуульчилж процессжүүлэх нь төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хүндрэлтэй болгоно гэсэн эргэлзээ байгаа юм. Гэвч энэ бол зөв эргэлзээ биш.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хуулийг дэмжиж байгаа. Гэхдээ хэтэрхий нөхцөл байдлыг хүндрүүлсэн хууль болох вий гэсэн болгоомжлол байна. Өнөөдөр 420 орчим хууль, тогтоомж үйлчилж байгаагийн 250 нь ямар нэгэн байдлаар захиргааны байгууллага, албан тушаалтны оролцоо эрх хэмжээг зохицуулсан хуулиуд байгаа. Бид хууль батлахдаа төрийн байгууллагын үүрэг, хариуцлагыг сул болгосоор ирсэн.

Уг хууль 11 бүлэг, 108 зүйлтэй бөгөөд захиргааны байгууллагаас иргэдтэй харилцах суурь харилцааг нэгдсэн стандартад оруулахаар тусгаснаар төр, иргэний хоорондын харилцаанд суурь зохицуулалт бий болж иргэдийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хамгаалагдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзсэн.

УИХ-ын гишүүн А.Бакей: Ерөнхийдөө уг хууль төрийн захиргааны байгууллага болон иргэд хоорондын суурь харилцааг зохицуулна гэж байгаа. Бидний өдөр тутам баталж буй хуулиудын дийлэнх нь захиргааны байгууллагын эрх үүргийн нь заадаг мөртлөө тухайн байгууллагын хариуцлагыг зааж өгөлгүй зөвхөн иргэд, аж ахуй нэгжэд тооцох хариуцлагыг нь тодорхой заадаг. Тэгэхээр Захиргааны ерөнхий хууль гарснаар энэ цоорхой арилах уу гэдэг чухал асуудал байна.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Өнөөдөр иргэд төрдөө итгэх итгэл алдарч байна. Төрийн дархлаа бүдгэрч байгаа үед Төр иргэний харилцааг зохицуулсан гол хуулиудыг зохицуулж, гаргахдаа бас хийгүй сайн гаргах ёстой.

Ингээд Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.