Б.Дэлгэрсайхан: Хүн болгон хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг болчихсон
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.17) хуралдаан 10 цаг 08 минутад 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг УИХ хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн юм. Төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан асуулт асууж, ажлын хэсгээс тодруулга хийв.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
Зөрчилтэй юм маш их бий. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахын зэрэгцээ дээд шүүхийн журам гаргадаг тэр нөхцөлөө гаргаж ирэхгүй бол хүн болгон хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг болчихсон цаг үе.
Дээд шүүх яагаад хуулийг тайлбарладаг байснаа больчихсон юм бэ? Энэнээс болоод хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс өөрийнхөөрөө ойлгоод буруу юм хийгээд байна. Хэрэв хэрэг шүүхээс буцахгүй болочихвол үр дагавар нь аль талдаа байгаа юм. Зах зээлийн нийгэмд шилжсэн энэ үед ядарсан дорой эрх ашгаа хамгаалж чадахгүй улсуудаас хэдэн төгрөг аваад шүүгдэгчид ял завшиж байгаа зүйл амьдрал дээр байгаа. Энийг шийддэг байхгүй бол цаашдаа хууль хэрэгжихэд хэцүү.