2019.04.26

О.Баасанхүү: Хууль өөрчилж эрх мэдэлд халддаг энэ арга шүүх рүү явах сонирхолтой байгаад гайхаж байна

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан нээлттэй горимд шилжиж Засгийн газраас өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж,гишүүдийн 63,2 хувь дэмжиж  хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Энэ хууль батлагдсан ч хууль эргэж үйлчлэхгүй. Худлаа ярьж энэ хуулийг зүтгүүлэхээ боль. “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор хэрэгжинэ гэж би бодохгүй байна. Магадгүй цаашид газрын тос боловсруулах үйлдвэрт л хамаарах байх.  Тэгэхээр ард түмэнд таалагдах зүйл ярьж, гуя дагаж хүзүү гэдэг шиг ийм хууль оруулж ирж  болохгүй, улс төрийн хувьд та нар 49 хувиа авчихсан. Одоо энэ сэдвийг дуусга.

Захиргааны шүүх нотлох баримтаа өөрөө бүрдүүлдэг. Өөрөө бүрдүүлнэ гэдэг нь засгийн газраас авч болохгүй аливаа бичгүүдийг шүүхээр дамжуулаад шүүгч өөрөө авах эрхтэй байдаг. Энэ хуулийг баталсанаар тэр эрхийг хааж байна.

Өнөөдөр хууль өөрчилж эрх мэдэлд халддаг энэ арга шүүх рүү явах хандлага байгааг би хараад гайхаж байна. Тиймээс энийг мэргэжлийн үүднээс би болохгүй гэж үзэж байна.