2021.01.08

С.Одонтуяа: Оюутны хөгжлийн зээлтэй холбоотой 2019 оноос хойших асуудлыг бичгээр ирүүлнэ үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.08\ нэгдсэн хуралдаанаар  Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо. 

Мэдээллийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулсан бөгөөд мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асуулаа:

Боловсролын чанарын асуудлаар гэсэн атал чанарын тухай байхгүй зөвхөн тоо баримт л байна. Сайд бүрийн ажлын онцлог байдаг. Зорилт нь хэмжигдэхүйц зорилт нь ямар байх вэ? Дэлхийд өнөөдөр Монгол Улс боловсролын түвшингээр тэд дүгээр байрт орж байгаад манай Засгийн газрын үед тэд дүгээр байрт орно гэдэг ч юм уу иймэрхүү хэмжигдэхүйц зорилт тавьсан уу? Таны хувьд ямар асуудлыг боловсролын салбарын номер нэг тулгамдсан асуудал гэж үзэж байна вэ? Бид үүнийг мэдчихвэл дараа дараагийн шийдвэртэй тусгах хэрэгтэй.

Таны өөрийн сайд байх үеийн санаачлаад хийх гэж байгаа хамгийн гол ажил юу вэ? Л.Гантөмөр сайдын үед Цөм хөтөлбөр, Авъяас хөтөлбөрүүдийг сайн далайцтай хийж байсан. Ийм зүйл байна уу?

Монгол хэлний дүрэм чинь юу болоод байна вэ? 2015 онд Монгол хэлний хууль баталсан. Олон замбараагүй өөрчлөөд байдгийг болиулсан. Телевиз, сошиалаар гарч байгаа нь фотошоп юм уу доромжилсон юмнууд яваад байна. Ингэж утга учиргүй өөрчлөөд байж болдог юм уу? Бид нар хүүхдүүддээ Монгол хэл зааж чадахгүй хэмжээнд хүрэх гэж байна.  

Оюутны хөгжлийн зээлтэй холбоотой 2019 оноос хойших асуудлыг бичгээр ирүүлнэ үү? Оюутнууд хүнд байдалд орчихоод байна. Сургууль нь зээл өгнө гээд улс тогтоол гаргачихаар сургууль нь хөөгөөд байдаг, оюутнууд нь зээл авна гэсэн болохоор байгаад байдаг. Энэ дээр ноцтой асуудлууд үүсээд байна. 

Хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэг маш хүнд байдалд орчихлоо. Ер нь нэлээдгүй нь хаалгаа барих болчихлоо. Энэ бол Монгол Улсын ААН. Өөрсдийнхөө хөдөлмөр, хөрөнгө оруулалтыг хэдэн жил зориулсан байгууллагууд байгаа. Улсынх бол гайгүй. Энэ хүмүүс түрээсээ төлж чадахгүй, цалингаа өгч чадахгүй боллоо. Тэгэхээр энэ дээр ямар бодлого барьж байна вэ? Эцэг, эхийн талаас бид яваагүй, цахимаар орсон учраас төлбөрөө хөнгөлүүлмээр, уян хатан баймаар гэсэн санал тавьдаг. Нөгөө талаас ААН-ээ аврах бодлого байна уу?

Сурах бичгийг бид хэдэн жилээр хэрэглэдэг байсан. Одоо бол жил бүр сольж байна. Жил бүр мөнгө, тендэр нь яваад байна уу? Агуулга нь шинэчлэгдээд солиод байдаг юм уу? Арай л ойрхон ойрхон солиод мөнгө л хийгээд байгаа юм шиг санагдаад байна.

Хэмнэсэн мөнгийг зүгээр улсын төсөв рүү зардалд суутгачих биш. Тухайн сургуулийнх нь багш, ажилчдын нийгмийн асуудалд зарцуулна гээд нэг удаа тэр хүмүүсээ хараад үзчихвэл, нийгмийн асуудал нь шийдэгдэхгүй хүмүүс бол ЕБС, СӨБ-ийн багш нар байдаг. Насаараа хамгийн хүнд ажил хийчихээд байр байхгүй, эрүүл мэндийн хувьд хэцүү байдаг.  Энэ дээр аль болох болох талаас нь хариулт өгнө үү?

Түүний асуултанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариуллаа.

Боловсролын сургалтын чанарын асуудлыг сайжруулах. Ингэснээр бүх хүүхдүүд тэгш хүртээмжтэй суралцах нөхцөлийг бүрдүүлэх асуудал байгаа. 

2014 оноос хойш сургалтын хөтөлбөрөө шинэчлээгүй байгаа. 2019 онд тодорхой хэмжээний сайжруулалтыг хийсэн. Үүнээс хойш хөтөлбөр тогтвортой мөрдөгдөж байгаа. Сургалтын хөтөлбөр хэдий чинээ хөдөлгөөнтэй байна, төдий чинээ сурах бичиг хөдөлгөөнд ороод байдаг.