"Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний сургалт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол Улсын Их Хурлын гишүүн Чинбатын Ундрам, Цэрэнжамцын Мөнхцэцэг нар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний сургалт” сэдэвт хэлэлцүүлгийг санаачлан Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Н.Ундармаа “Ерөнхий боловсролын сургууль дахь англи хэлний хөтөлбөр, боловсролын чиг хандлага”; МУБИС-ийн багш, доктор О.Мягмарсүрэн “Монгол Улсын боловсролын салбар дахь англи хэлний бодлого, хэрэгжилт, үр дүн”; “Шинэ үе” сургуулийн англи хэлний багш Ч.Нарангэрэл “Англи хэлний багш нарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд”; Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн англи хэлний мэргэжилтэн С.Алдармаа “Багш нарын мэргэжлийн ур чадварыг хөтөлбөрийн хүрээнд дээшлүүлэх”; “Q education” группийн үүсгэн байгуулагч Ц.Алтансор “Багшийн хөгжил, үнэлгээний аргаар англи хэлний сургалтын чанарыг сайжруулах нь” сэдвээр тус тус илтгэл тавив.
Оролцогчид дурдсан илтгэлтэй холбоотой асуулт хариулт, санал шүүмж хэлж, сэдвийн хүрээ, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар 9 дүгээр сарын 4-нд “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдвээр “Төрөөс баримтлах боловсролын бодлого хүүхэд бүрд тэгш, хүртээмжтэй байхад чиглэх, Үндэсний хөтөлбөрийг сайжруулан хэрэгжүүлэх” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байсан билээ.
Өнөөдрийн хэлэлцүүлэг дурдсан хэлэлцүүлгийн үргэлжлэл бөгөөд боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, англи хэлний сургалтын чанарыг сайжруулахад анхаарах суурь асуудлыг хөндсөн юм.
Хэлэлцүүлэгт оролцсон багш нар цаашид ЕБС-д сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг сайжруулах, TESOL зэрэг багшийн үнэлгээний системийг нэвтрүүлж, ур чадвараас хамааран багшийн цалин хөлс урамшууллыг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийн хөтөлбөрийг төрийн бодлогоор дэмжихийн чухлыг онцоллоо.
Багшийг тасралтгүй хөгжүүлж, үр дүнд суурилсан урамшууллын системийг бий болгосноор Монгол Улсын боловсрол дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хөгжинө гэдэгт талууд санал нэгдэж байлаа.
Хэлэлцүүлгийг бүсчлэн хийх санал орон нутгаас ирж байгаа тул салбарын шинэчлэл, тэр дундаа Үндэсний боловсролын тогтолцооны асуудлаар улсын хэмжээнд үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байна.