23 дугаар сургууль эцэг эх, сурагч, багш гэсэн гурвалсан холбоо бүхий сургалтын онлайн платформыг амжилттай нэвтрүүлжээ
2020.09.08

23 дугаар сургууль эцэг эх, сурагч, багш гэсэн гурвалсан холбоо бүхий сургалтын онлайн платформыг амжилттай нэвтрүүлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт “Дижитал Сонгинохайрхан” аяныг хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд УИХ-ын гишүүн Н.Учрал, СХД-ийн ЕБС-иудын төлөөлөл өнөөдөр 23 дугаар сургууль дээр ажиллаж туршлага судаллаа.

Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль нь "Ай Түүлс" ХХК-тай хамтран эцэг эх, сурагч, багш гэсэн гурвалсан холбоо бүхий сургалтын онлайн платформыг амжилттай нэвтрүүлээд байна. Бүх хичээлийн агуулыг цахим хэлбэрт шилжүүлж, зарим анги танхимыг AR, VR технологи дээр тулгуурлан бодит мэт байдлаар бий болгож өгсөн нь сурагчдад тус хичээлийг илүү сонирхолтой байдлаар үзэх судлах боломжийг олгосон байна.

Өнгөрсөн жилийн 5, 9, 12 дугаар ангиудын төгсөлтийн шалгалтын дүнгээр 23 дугаар сургууль анх удаа Монгол улсын хэмжээнд тэргүүлсэн ба төгсөгчид дундаас 8 төгсөгч ЭЕШ-нд 800 авсан нь тэдний энэхүү цахим интерактив арга барил сургалтын үр дүнд эерэг нөлөө үзүүлж байна гэж дүгнэх боломжийг олгож байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: "Төр бол хэзээ ч хувийн хэвшлээ гүйцэхгүй. Өрсөлдөгч ч болж чадахгүй, өрсөлдөгч байх ч ёсгүй. Тиймээс энэ техник технологийн компаниудынхаа чадал чансаа, чадавхи, ур чадварыг нийгэмдээ хэрэгтэй зүйлд зориулуулахын төлөө хамтран ажиллах ёстой. Байнгын хорооны даргын хувьд дэвшилтэт технологи, орчин үеийн шийдэл дээр тулгуурлаж иргэддээ, нийгэмдээ хэрэгтэй ямар зүйл байна тэр бүгдийг хүний өөрийн гэж ялгалгүй хийж хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно." гэлээ. 

Нийслэлийн лаборатори 23 дугаар сургууль дээр нэгэнт амжилттай болчихсон цахим систем, бэлэн болгоод буй 5000 гаруй цахим хичээлийг зөвхөн эндээ ашиглаад дуусвал хайран. Тиймээс бусад сургуулиуд ч энэ туршлагыг шууд нэвтрүүлж, ажлаа түргэвчлэх нь зөв  гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийллээ.